Зургийг: С.Батсайхан
11 дүгээр сарын эцсийн гүйцэтгэлээр улсын төсөвт төвлөрсөн орлого 20.69 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43.6 хувиар өссөн байна. Хэдийгээр төсвөөс гарсан зарлага, цэвэр зээлийн хэмжээ 18.7 их наяд төгрөг болж, 20.5 хувиар өссөн ч төсвийн тэнцэл ашигтай гарчээ.
Нийт орлого өсөхөд онцгой албан татварын орлого 90.9 хувиар, нийгмийн даатгалын орлого 30.1 хувиар, НӨАТ 20.4 хувиар, АМНАТ 2.2 дахин, бусад төрлийн татвар 2.1 дахин өссөн нь гол нөлөө үзүүлсэн аж. 2023 онд Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж, төсвийн ашгаас нийт 900 гаруй тэрбум төгрөг зарцуулж, тодотгосноор нийгмийн даатгалын орлого өсөхөд гол нөлөө үзүүлжээ.
Мөн оны эхний 11 сарын хугацаанд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээ буюу 62 сая тонн, зэсийн баяжмал 1.4 сая тонн, түүхий газрын тос 4.3 сая баррель болсон нь АМНАТ-ийн өсөлтийг бүрдүүлж байна.
Төсвийн зардал цар тахлын үетэй харьцуулахад 6.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөгөөр өсжээ.
2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хөрөнгө оруулалтын арга хэмжээний төсөв өмнөх онуудаас буурч батлагдсан юм. Энэ дагуу 2023 оны 1-11 дүгээр сард 3.7 их наяд төгрөг зарцуулжээ. Мөн олон улсын зах зээлд гаргасан бондын хүүгийн төлбөрт 310.7 тэрбум төгрөг төлсөн байна.