logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хиймэл оюуны түүчээлэгчид Нобелийн шагналыг "түүлээ"
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 14 09:00
    647

    Зургийг: Jose Sarmento Matos/Bloomberg

    Энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хиймэл оюуны "загалмайлсан эцэг" гэгддэг Жеффри Хинтон, физикч Жон Хопфильд нарт олгохоор болов

    Дэлхий дахины шинжлэх ухаан, технологийн дэвшил, нийгэм, эдийн засгийн хувьсал шилжилтийг жил бүрийн Нобелийн шагналтнуудаар хэн тодорч байгаа нь тодотгон харуулдаг гэлтэй. Энэ оны шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналыг хиймэл оюуны түүчээлэгчид “түүлээ”.

    “Загалмайлсан эцэг” Нобель хүртэв

    2024 оны химийн салбарын Нобелийн шагналын эзэд өнгөрсөн пүрэв гарагт тодорлоо. “Alphabet” компанийн хиймэл оюуны охин компани “DeepMind Technologies”-ийн Гүйцэтгэх захирал Демис Хассабис хиймэл оюун ашиглан уургийн бүтцийг урьдчилан тодорхойлох олон жилийн судалгааны төслөөрөө энэхүү нэр хүндтэй шагналыг салбарын хоёр том эрдэмтний хамт хүртэхээр болов.

    Дэмис Хассабис анх “DeepMind”-ийг хиймэл оюуны тусламжтай хорт хавдрыг эмчлэх, дэлхийн дулаарлыг зогсоох гэх мэт “утопи” шинжтэй зорилго бүхий судалгааны лаборатори маягаар байгуулж байжээ. Харин 2015 онд тус компани “Google”-ийн нэг хэсэг болж, мөн “OpenAI”-ийн “ChatGPT” танилцуулагдсанаас хойш “DeepMind”-ийн хүмүүнлэгийн чиг баримжаа нь алдагдаж, илүү бүтээгдэхүүн төвтэй болж ирсэн байна.

    unnamed (2).jpg

    Харин лхагва гарагт Нобелийн физикийн шагналын эздээр “Google”-ийн удирдах албан тушаалтан асан, хиймэл оюуны "загалмайлсан эцэг" гэгддэг Жеффри Хинтон, физикч Жон Хопфильд нар тодорсон юм. Өнөөгийн машин сургалтын хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн суурийг тавьж, хиймэл мэдрэлийн сүлжээг сургахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж тэднийг тодорхойлжээ.

    Жон Хопфильд нь өгөгдөл дэх зураг болон бусад зүй тогтлыг хадгалах, сэргээх чадвартай санах ойг анх бүтээсэн бол Жеффри Хинтон хиймэл мэдрэлийн сүлжээ буюу хүний тархины ажиллах зарчмыг дуурайсан машин сургалтын программын анхны судалгаанд голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Тэрбээр 1983 онд статистикийн магадлал ашигладаг хиймэл мэдрэлийн сүлжээний анхны төрлүүдийн нэг болох “Болцманны машин”-ыг хамтран зохион бүтээж байжээ.

    Хэдий тийм боловч Жеффри Хинтон сүүлийн жилүүдэд хиймэл оюун хэт хүчирхэг болж байгааг сэрэмжлүүлэх нь нэмэгдэж, хиймэл оюун шинжээчдийн төсөөлснөөс харьцангуй хурдан хугацаанд хүнтэй ижил ур чадвартай болж байгаа нь “аймшигтай хэрэг” хэмээж байлаа.

    unnamed (3).jpg

    “Ус агаар мэт” нэр төр

    Шведийн Нобелийн сан хиймэл оюуны ахиц дэвшил, тэр дундаа шинжлэх ухааны гол асуудлуудын учгийг компьютер тооцооллын аргаар тайлж болох дэвшлийг зүй ёсоор үнэлэхийг эрмэлзэж байгаа нь эдгээр шагналуудаас харагдаж байна. Мөн энэ нь “Google” зэрэг  технологийн компаниуд, тэдгээрийн захирлуудын нэр хүндийг өсгөх маш том хүчин зүйл боллоо гэж “Bloomberg”-ийн нийтлэлч Парми Ольсон онцолжээ.

    Гэхдээ нэр хүнд нь ийнхүү өргөгдсөнөөр хиймэл оюуны технологийн эрсдэл, мөн хиймэл оюуны хүч хэдхэн компанийн гарт очиж буй асуудлыг бүдгэрүүлэх вий гэдэгт санаа зовниж байгаагаа тэрбээр бичсэн байна. “Don’t Be Evil” гэсэн зарчимтай анх байгуулагдсан “Google” компани л гэхэд сүүлд монополчлолын эсрэг зохицуулагч байгууллагуудын хяналт, шалгалтад өртөх нь улам нэмэгдээд буй. Мөн тус компани гурван жилийн өмнө “Google”-ийн хиймэл оюуны моделиуд хэт нэг талыг баримталж, буруу мэдээлэл тараах эрсдэлийг анхааруулсан хоёр экспертээ ажлаас нь халж байлаа.

    Бусад салбарын шагналыг хэн хүртэв?

    • Физиологи, анагаах ухааны шагналыг АНУ-ын эрдэмтэд болох Виктор Амброс, Гэри Рувкун нар гений үйл ажиллагааг зохицуулдаг суурь зарчмыг илрүүлсэн нээлтээрээ хүртэхээр болов.
    • Уран зохиолын шагналыг БНСУ-ын зохиолч Хан Кан хүртсэнээр Нобелийн шагналыг хүртсэн анхны ази эмэгтэй болов. Түүний "Хөвгүүн ирлээ", “Цагаан хоолтон" зэрэг романууд дэлхийн олон орны хэлээр орчуулагдан гарчээ.
    • Энх тайвны шагналыг Японы “Нихон Хиданкё” буюу Хирошима, Нагасакигийн цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдэгсдийн холбоонд олгохоор болов. Тус холбоо нь цөмийн зэвсгийн хохирогсдод үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлж, цөмийн зэвсгийн хэрэглээг халахад улс орнуудын Засгийн газрыг лоббидох зорилготой байгуулагджээ.
    Cэтгэгдэл бичих