
Зургийг: С.Батсайхан
“Mongolian Mining Corporation” компани 2024 оны III сараар эцэслэгдсэн улиралд 3.56 сая тонн нүүрс олборлосноо улирлын аудитлагдаагүй тайландаа онцоллоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8 хувь буурсан үзүүлэлт болсон бол өмнөх улирлаасаа 16 хувиар өссөн дүн болж байна. Харин компани тайлант хугацаанд 2.1 сая тонн угаасан коксжих нүүрс боловсруулсан нь өмнөх оны мөн үеэсээ 47 хувиар өссөн үзүүлэлт болсон.
MMC-ийн хувьд өнгөрсөн онд “Erdene Resource Development” компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, "Баян хөндий" алтны төслийн лицензийг эзэмшдэг “Erdene Mongol” компанийн 50 хувийг эзэмшиж эхэлсэн. Энэ оны I сард хэлцлийг амжилттай дуусгавар болгож, стратегийн түншлэл хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг тайландаа мөн онцолсон. Нийт 476 мянган унц алт гарган авах төлөвлөгөөтэй байгаа “Баян хөндий” уурхайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн улиралд эрчимтэй үргэлжилснийг мэдээлсэн.
“Erdene Mongol” компани тайлант хугацаанд уурхайн талбайг байгуулах, боловсруулах үйлдвэрийн суурийг тавих гэх мэт эхний шатны ажлуудаа дуусгасан. Төслийн хөгжүүлэлтийн хуваарийн дагуу нийт бүтээн байгуулалтын ажил 14.5 хувьтай гүйцэтгэгдээд байгааг онцолжээ.