
Зургийг: petromatad.com
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани 2023 онд татварын дараах дүнгээр нийт 5.9 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээснээ жилийн орлогын тайландаа мэдээллээ. 2022 онд тус компани 2.9 сая ам.долларын алдагдал хүлээж байсантай харьцуулахад ийнхүү алдагдлын хэмжээ нь бараг хоёр дахин өссөн нь ерөнхийдөө тус компанийн хайгуул, үнэлгээний зардал өссөнтэй холбогдохоор байна. Тодруулбал: тайлант хугацаанд хайгуул, үнэлгээний зардал нь 137 мянган ам.доллароос 2.2 сая ам.доллар болж өсжээ.
Үйл ажиллагааны хувьд “Petro Matad” компани газрын тосны хайгуулын XX талбайг улсын тусгай зориулалтын бүс болгон бүртгэхийг Засгийн газраар батлуулж чадсан болохоо тайландаа онцолсон байна. Хэдий тийм боловч “Petro Matad”-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэх үйл явц удаашралтай байсан нь нэлээн чирэгдэл учруулсныг тус компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак тодотгосон юм.
Харин өнгөрсөн сард XX талбайд хайгуул хийхэд шаардлагатай газар ашиглалтын зөвшөөрлийг орон нутгийн удирдлагаас авсан тул “Heron 1” цооногийн өрөмдлөгийг долоодугаар сард эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна.
Шинэ санхүүжилтийн хувьд “Petro Matad” компани 2023 онд 215 сая ширхэг энгийн хувьцаа нэмэлтээр гаргаж, 6.6 сая ам.доллар татан төвлөрүүлснээ мэдээлсэн юм.