logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Орон сууцтай болох мөрөөдөл нь алсарсан “Z” үеийнхэн тансаг бүтээгдэхүүнээр сэтгэлээ зогоож байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 02 16:30
    1103

    24 настай Ниа Холланд “Chanel”-ийн хуучны цүнхэнд 2500 ам.доллар зарцуулжээ

    Байр, сууц худалдаж авах, тэтгэвэрт гарахдаа зориулж мөнгө хадгалах зэрэг санхүүгийн зорилтууд залуу үеийнхэнд бүтэшгүй мөрөөдөл мэт санагдах болжээ

    "Ер нь амьдралд юу чухал юм бэ?" 24 настай Ниа Холланд “Сhanel”-ийн хуучин загварын цүнхийг 2500 ам.доллароор худалдан авч, хадгаламжаа шавхсаныхаа дараа ийнхүү боджээ. Докторантаар суралцангаа сургууль дээрээ судалгааны ажил хийн багахан мөнгө олдог тэрбээр мөнгөө илүү хэрэгтэй зүйлд зарцуулах, хадгалах эсвэл хөрөнгө оруулах нь зөв гэдгийг мэдэж л байсан. Гэвч тэрбээр тэрхүү худалдан авалтаа хариуцлагагүй үйлдэл гэж үзэхгүй байгаа аж. Өөрийн байр сууцтай болох, амьдрал зохиож үр хүүхэд төрүүлэх зэрэг уламжлалт амьдралын зорилтууд түүнд тэртээ тэргүй хүршгүй санагдаж байгаа учраас тансаг хэрэглээгээ хорилоо гээд  тийм ч их ялгаа гарахгүй гэж бүсгүй үзэж байгаа аж. Харин ч 24 каратын оосортой, хурганы арьсан цүнх түүний сэтгэлийг өөд нь татжээ. 

    “Эдийн засаг ч дордоод, дэлхий ч дулаараад, хаа сайгүй улс төр, нийгмийн үймээн самуунтай байна. Иймд энэхэн хоромд сэтгэл баясгах зүйлд мөнгөө үрэх нь хавьгүй дээр байна” хэмээн Мичиганы их сургуулийн боловсрол, сэтгэл судлалын докторант тэрбээр ярилаа. Ниа Холланд  мөн гэр бүлээсээ санхүүгийн дэмжлэг туслалцаа авдаг аж. 

    Урьд нь хүмүүс эдийн засаг тогтворгүйжээд ирэхэд зардлаа танаж бүсээ чангалдаг байлаа. Хэдий тийм боловч яаж ч хичээсэн санхүүгийн ирээдүй нь баргар байхыг тооцоолсон залуу үе үүний эсрэг алхмыг хийх нь улам нэмэгджээ. 

    Сургалтын өндөр зээл, өсөн нэмэгдэж буй амьжиргааны зардал, хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээл тэдэнд байр худалдаж авах, тэтгэвэрт гарахдаа зориулан мөнгө хадгалах зэрэг санхүүгийн зорилт тавихад хүндхэн нөхцөл болж байгаа юм. 

    Улмаар америк залуусын 27 орчим хувь нь 

    Эдийн засаг, олон улсын асуудлаас сэтгэлээ бага ч гэсэн ангижруулахын тулд мөнгөө зоргоороо үрэх сонголт хийснийг “Credit Karma” санхүүгийн компани судлан гаргасан байна. Харин тус үзүүлэлт "Мянганыхан" болон “Z” үеийнхний дунд илүү өндөр хувьтай буюу 43 болон 35 хувийг эзэлжээ. “Зөв зүйтэй биш ч энэ бол сэтгэлээ тайтгаруулах арга нь юм” хэмээн тус компанийн харилцагчийн санхүүгийн зөвлөх Кортни Алев өгүүлж байлаа. 

    Мөнгөө зоргоороо үрэх нь энэ цаг үеийн эдийн засгийн зонхилох үзэгдэл болоод байгаа ч тийм ч шинэ зүйл биш аж. Нью-Йорк дахь Хамилтон коллежийн Эдийн засгийн профессор Стефен Вү 2004 онд хэвлүүлсэн судалгаандаа азаар болон гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр баяжсан хүмүүс мөнгөө барагтаа  хадгалдаггүй талаар бичиж байжээ. Харин гацаанд орсон санагдах тусам мөнгөө улам үрэх зуршил сүүлийн жилүүдэд ялангуяа цар тахал болон эдийн засгийн их хямралын дараа улам нэмэгдсэнийг тэрбээр онцолсон байна. Учир нь хүмүүс амжилт болоод бүтэлгүйтэл тэднээс шалтгаалахгүйг ойлгосон байдаг байна. 

    Нөгөөтэйгөөр залуу үеийнхэн өндөр үнэтэй зүйл худалдан авч чадаж байгаа нь эцэг, эхчүүд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь нэмэгдсэнтэй холбоотой аж. Америк залуусын тал орчим хувь аав, ээжтэйгээ хамтдаа амьдарч, өөрт нь үлдсэн нэмэлт орлогыг бусад хэрэгцээндээ зарцуулах болжээ. 

    Дээр нь нийгмийн сүлжээ амтат зоог, тансаг зэрэглэийн аялал, чамин эдлэлийн зураг дүрсээр бялхаж байхад ингэх нь арга ч үгүй юм. Харин болгоомжтой байхгүй бол зоргоороо үрдэг зуршил нь цалингаас цалингийн хооронд амьдрах нөхцөлд оруулах эрсдэлтэй. 

    Өөр өнцөг

    Өндөр үнэтэй худалдан авалт буруу гэх ойлголт байдаг. Харин хүн хувийн байшин, гэр бүл, үр хүүхэдтэй болох мөрөөдлөө орхисон бол энэ нь тийм ч буруу зүйл биш хэмээн “Z” үеийнхэнд зориулан санхүүгийн боловсролын контент хийдэг 27 настай Мариа Мелчор өгүүлж байлаа. Тэрбээр мөн “TikTok” дээр 1.8 сая гаруй хандалттай, Йелийн их сургуулийн төгсөгч юм. 

    Өөрсдийнх нь худалдаж авч дийлдэггүй зүйлсийг залуус яаж аваад байна вэ? гэх томчуудын асуултад тэрбээр учир нь залууст үүнээс өөр худалдан авч чадах зүйл үгүй гэж хариулдаг. 

    Нэгэн ярилцлагадаа Мариа Мелчор “Gen Z” үеийнхний тансаг худалдан авалтыг зоргоороо мөнгөө үрж буй явдал гэж үздэггүйгээ илэрхийлжээ. Харин  хүмүүс хамаг мөнгөө үл хөдлөх хөрөнгө болон үр хүүхдэдээ зарцуулаагүй бол амьдрал нь ийм байх байсныг харуулж буй хэрэг гэсэн байна. Гэрлэлт, төрөлтийн түвшин буурч, алсын зайнаас ажиллах болсон нь ядаж цөөн заримд нь амьдралын нэг загварт баригдахгүй байх боломжийг олгожээ.

    Cэтгэгдэл бичих