logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Ф.Ньюман: Далайд гарцгүй байх нь заавал саад бэрхшээл байх албагүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 23 17:58
    537

    HSBC банкны Азийн ахлах эдийн засагч Фредрик Ньюман "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өглөө. Тэрээр Азийн орнуудын хувьд худалдааны тал дээр өсөлтийн потенциал өндөр байгаа хэмээн үзэж буй. Түүний ярилцлагыг хүргэе.

    -Юуны өмнө Хонконгоос холбогдсон танд баярлалаа.

    -Намайг урьсан та бүхэнд баярлалаа.

    -Далайд гарцгүй орны хувьд, Монгол Улс бусад орнуудтай худалдаа хийхэд харилцан холболтын асуудал том бэрхшээл байсаар ирсэн. Бусад улсуудад ч бас ийм асуудал тулгардаг байх. ОХУ, Украинд халдан довтолсноос хойших хоригууд, бүс нутгийн асуудлууд гээд байдал хүндэрсэн. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

    -Тэгэлгүй яах вэ, таны сая дурдсан асуудлууд Монгол шиг эдийн засагтай улсуудад тулгарч байгаа. Гэхдээ нөгөө талаараа эдийн засгийн боломжууд бас бий.

    Нэгдүгээрт: Дэлхий даяар эдийн засгийн таагүй нөхцөл бүрдэж, зарим орнуудад эрэлт суларч байгаа ч Азийн интеграц нь эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болж байна. БНХАУ-д энэ нь эергээр тусаж байна. Хятадын эдийн засагтай Монгол Улс нягт холбоотой байдаг учраас бүс нутгийн интеграц эцэстээ Монголын эдийн засагт хөгжлийн олон боломжийг бас бий болгоно.

    Хоёрдугаарт: Монгол бол далайд гарцгүй орон. Гэхдээ Монголд автозамын харилцан холболт, агаарын харилцан холболт одоог хүртэл байна. Мөн аялал жуулчлал Монголын хувьд том боломж хэвээр байна. Үүнээс гадна байгалийн баялаг Монголын макро эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Далайд гарцгүй ч гэсэн өнөөгийн даяарчлагдсан дэлхийд Азийн өсөлтөөс хүртэхэд авто зам, агаар, төмөр замын харилцан холболт хангалттай гарц болж өгч байна.

    -Ямар гол хүчин зүйлс энэ худалдааны интеграцад нөлөө үзүүлж байна вэ? Энэ харилцан холболт дунд болон урт хугацаандаа яаж өөрчлөгдөнө гэж та бодож байна вэ?

    -Азийн худалдааны харилцан холболтод гол түлхэц болж буй цөөн хэдэн хүчин зүйл байгаа. Эхний хүчин зүйл нь улс орнуудын хоорондох ялгаатай цалингийн түвшинтэй холбоотой. Энэ нь улс орнуудын худалдаанд чухал нөлөө үзүүлж байна. Жишээлбэл, Хятадын цалингийн түвшин өсөхөд зарим аж үйлдвэрийн салбар Хятадаас нүүж, Бангладеш, Вьетнам зэрэг Азийн бусад орнууд руу шилжиж байна. Хятадаас бусад орон руу чиглэсэн энэ эдийн засгийн үйл ажиллагааны аутсорсинг худалдааны боломжийг бүрдүүлж, улс хоорондын хөрөнгө оруулалтын хөшүүрэг болсон. Дараагийнх нь Азид илүү их худалдааны интеграц явагдаж байгаа шалтгаан бол одоо өрнөж буй худалдааны либералчлалын алхмууд. Улс хооронд хийгдэж буй гэрээ хэлэлцээрүүдэд тарифын хөнгөлөлт багтаж байгаа. Үүний үр дүнд хоёр талд ашигтай байдал улс хоорондын интеграцыг дэмжиж өгнө. Энэ хандлага Зүүн Өмнөд Азид илүү тод харагдаж байна. Тухайлбал, Хятадад худалдааны коридор маш хурдтайгаар хүрээгээ тэлж байна.

    -Гуравдугаар сард гарсан танай тайланд гео-хуваагдлын талаар хөндсөн. Үүнийг та даяарчлалын эсрэг үзэгдэл гэсэн утгаар тодорхойлсон байсан. Үүнд юу нөлөөлж, энэ нь Азид ямар байдлаар илэрч байна вэ?

    -Гео-хуваагдал бол сүүлийн жилүүдэд ашиглагдаж байгаа нэр томьёо. Энэ нь худалдаа саатахад хүргэж байгаа эрсдэлүүдтэй холбоотой болгоомжлолын талаар авч үздэг. Жишээ нь, төрийн үйл явцтай холбоотой байж болно. Зарим орнууд чөлөөт худалдаанаас татгалзаж, худалдааны хоригууд тавьж байна. Энэ нь заримдаа улс төрийн шалтгаанаар, заримдаа нийлүүлэлтийн гинжин хэлхээг удирдах зорилгоор байдаг. Тиймээс зарим шинжээчид дэлхийд интеграцчлал дангаар өрнөхөө больж, зарим бүс нутаг дисинтеграц, хуваагдлыг илүүд үзэж магадгүй гэж үзэж байна. Энэ үзэгдэл дэлхий даяар адил өрнөөгүй гэдэг өнцгийг манай тайланд хөндсөн. Гео-хуваагдал бодит утгаараа байхгүй гэсэн үг. Ялангуяа Азид интеграцчлал үргэлжилсээр байна. Хойд Америк ба Европын зарим орнууд хязгаарлалтуудаа нэмэх зарим алхмуудыг хийж байхад Азийн орнууд худалдааны саад тотгорыг нэмэхээс илүүтэй бууруулах эрмэлзэлтэй байна. Азид даяарчлалын чиг хандлага хадгалагдаж байна.

    -Гайхалтай өнцөг байлаа. Худалдааны сорилтуудыг шийдвэрлэхэд энэ бүсийн далайд гарцгүй орнууд ямар бодлогын арга хэмжээ авч байна вэ? Дэлхийн хоёрдогч том эдийн засагтай БНХАУ үүнд юугаараа нөлөөтэй байх вэ?

    -БНХАУ олон талаараа энэ интеграцын гол хөдөлгөгч хүч болж байна. Өмнө дурдсанчлан, цалингийн түвшний өсөлтөөс үүдэн зарим аж үйлдвэрийн салбар Хятадаас гарч Бангладеш зэрэг улс руу шилжиж байгаа. Энэ нь мэдээж худалдаанд эергээр нөлөөлнө.

    Хятад улс худалдааны либералчлалын тал дээр тодорхой алхам хийсэн. Азийн олон оронд хамаарах “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ийг ахиулахад хувь нэмэр оруулсан. Тэгэхээр Хятад бол хамгийн том зах зээлийн хувьд улс хоорондын хөрөнгө оруулалтын дийлэнх үүсвэрээс гадна үүнийг бодлого талаасаа удирдаж байгаа манлайлагч юм.

    Монгол шиг зах зээлийг аваад үзвэл Хятадтай ойрхон байгаа нь олон боломж бий болгоно. Дахиад хэлэхэд, Монгол Улс далайд гарцгүй орон гэдэг нь бидний өөрчилж чадахгүй бодит үнэн. Гэсэн хэдий ч агаарын ба газрын харилцан холболтыг сайжруулж болно. Дэд бүтцэд тасралтгүй хөрөнгө оруулж, энэ харилцан холболтыг бэхжүүлж, худалдааг хөнгөвчлөх нь чухал. Дэд бүтэц үүнд их чухал үүрэгтэй. Төмөр зам, авто зам, бас агаарын тээвэр буюу агаараар ачаа тээвэрлэх хүчин чадал гэх мэт. Үүний адилаар бодлогын асуудал чухал. Худалдааны сорилтыг бууруулахыг байнга эрмэлздэг Засгийн газар хэрэгтэй. Ингэснээрээ эдийн засгийн хөгжилд үр өгөөжөө өгөх худалдааны бололцоог бүрэн нээж чадна.

    -Интеграцчлалыг хөнгөвчлөх тал дээр ямар байгууллагууд голчлон анхаарах ёстой вэ? Ямар саад бэрхшээлүүд тэдэнд тулгарч байна вэ?

    -Тэгэхээр Азийн худалдааны интеграцыг түүчээлж буй гол байгууллагууд бол Засгийн газрууд. Интеграцыг удирдаж байгаа тал нь нэг том байгууллага гэхээсээ илүү хоёр талын оролцоотой, эсвэл бүлэг улсуудын хоорондох харилцаа, хэлэлцээрийн үр дүнд бий болж байгаа. Саад бэрхшээлд бол эдийн засгийн өөр өөр салбаруудын хүртэх үр өгөөж, хүлээх алдагдлыг тэнцвэржүүлэх сорилт бий. Зах зээлээ хэзээ, яаж нээхээ тооцоолж, маш нарийн стратеги гаргах нь чухал. Учир нь ажил эрхлэлт, тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлс бий. Тиймээс энэ либералчлалын стратегийг нарийн эрэмбэлж боловсруулах нь маш чухал.

    Үүнээс гадна эдийн засгийн салбарууд энэхүү өсөж буй боломжоос үр өгөөжийг нь хэрхэн хүртэх талаар стратеги боловсруулах нь чухал. Улсууд өрсөлдөөний давуу талаа тодорхойлох гэж үнэхээр хичээж байна. Жишээлбэл, ажиллах хүчний зарим хэсгийг сургаж, мэргэшүүлэх үү, аль нэг дэд бүтцэд гол анхаарлаа хандуулах уу, эрчим хүчний нөхцөл байдлаа сайжруулах уу, мэргэшүүлэх сургалтын чиглэлд ажиллах уу гэх мэтээр дотоодын компаниуддаа яаж үүний үр өгөөжийг хүртээх вэ гэдэг асуудал байна.

    Сүүлийн жилүүдэд Засгийн газрууд интеграцад чиглэсэн идэвхгүй арга хэмжээ авч байгаа хэрэг биш. Тэдгээр орнууд зах зээлийнхээ аль хэсэгт үр ашгийг хүртээх, дэд бүтцээ хөгжүүлэх талаар зорилт тавин анхаарч байна. Үүнд хатуу болон зөөлөн дэд бүтэц хоёул орно. Үр дүнд худалдааны боломжуудаас тэдгээр аж үйлдвэрийн салбарууд үр өгөөжийг нь хүртэнэ.

    -Таны бодлоор харилцан холболт дутмаг байх нь улс орнуудад сорилт болдог уу? Жишээлбэл, гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай байдаг Монгол шиг оронд худалдааны интеграц сул байх нь гадаадын хөрөнгө оруулалтад саад учруулах уу?

    -Далайд гарцгүй байх нь заавал саад бэрхшээл байх албагүй. Засгийн газрын үр дүнтэй бодлогоор газар зүйн сул талуудыг давж гарч чадна. Жишээлбэл, Монголд байгалийн баялаг их бий. Тиймээс далайд гарцгүй гэдгээ заавал сөрөг зүйл гэж харж болохгүй. Худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай дэд бүтцээр хангаж, хүн капиталыг мэргэжлийн сургалтаар дэмжихэд чиглэсэн Засгийн газрын идэвхтэй бодлого маш чухал. Эдгээр бүрэлдэхүүнүүд ганц газар зүйн байршил гэдэг хүчин зүйлээс илүү их нөлөөтэй. Хөрөнгө оруулалт хийх үйл явцыг хялбарчилж, хүнд суртлыг бууруулах замаар үр нөлөөг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал. Тиймээс Засгийн газар илүү үр дүнд чиглэж, идэвхтэй байх тусам газар зүйн сул тал гэж бодож байгаа зүйлийг даван гарч болно.

    рилцсанд баярлалаа, Фред. Тантай ярилцах таатай байлаа. Нарийн мэдээлэл хуваалцсанд баярлалаа.

    -Маш их баярлалаа.

    Cэтгэгдэл бичих