logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    MICC "Тавантолгой" ХК-ийн хувьцааг худалдан авахыг зөвлөв. Ямар эрсдэл, боломж байна вэ?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 28 10:40
    657

    Зургийг: tavantolgoi.mn

    Монголын хөрөнгийн захад ногдол ашгийн хэмжээ болон өгөөжөөр бүх цаг үед тэргүүлдэг “Тавантолгой” ХК-ийн хувьцааг MICC (Mongolian International Capital Corporation) шинжилж, худалдан авах нь зүйтэйг хөрөнгө оруулагчдад зөвлөжээ.

    Тавантолгойн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг гурван компаниас Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ганц нь болох орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн хувьцааны өсөлтийн төлөвийг эерэг гэж дүгнэхэд компанийн тогтвортой мөнгөн урсгал болон нүүрсний биржийн арилжаагаар ил тод байдал сайжирч буй нь нөлөөлснийг MICC онцолсон байна.

    Өнгөрсөн оноос эхлэн Монгол Улс Таваарын биржээр дамжуулан нүүрсээ хилийн үнээр борлуулж эхэлсэн нь “Тавантолгой”-ийн орлого 2023 онд 43 хувиар нэмэгдэхэд гол түлхэц болсон юм. Жилд 5-10 сая тонн нүүрс олборлож, зах зээлд гаргах хүчин чадалтайд тооцогддог тус компанийн экспорт Монгол Улсын нийт нүүрсний экспортын 5-8 хувийг бүрдүүлдэг.

    Мөн тус компани ногдол ашгаар дотооддоо түүчээлдэг жишгээ энэ онд үргэлжлүүлж, цэвэр ашгийнхаа 70 хувь буюу 263 тэрбум төгрөгийг олгоод байна. Мөн ногдол ашгийн өгөөж нь 28.1 хувьтай байснаар бусад компаниудаа тэргүүлжээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд “Тавантолгой” ХК цэвэр ашгийнхаа дунджаар 86 хувийг ногдол ашигт тарааж, 28 хувийн өгөөж хүртээсэн байна.

    Гол сорилт нь засаглал

    Компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын хүчин чармайлтаас харвал “Тэрбум мод” санаачилгын хүрээнд Өмнөговь аймагт 7.5 сая мод тарих амлалт өгсөн, 2023 онд ажилтнуудынхаа цалинг 30-40 хувиар өсгөсөн, борлуулалтаасаа орон нутагт 296.7 тэрбум төгрөгийн татвар төлсөн зэрэг үзүүлэлтүүд байна.

    Харин компанийн засаглалын кодексоо вебсайтдаа байршуулсан ч 2023 онд шинэчлээгүйг MICC шинжилгээндээ тодотгожээ. Түүнчлэн өнгөрсөн онд захирлуудын зөвлөлийн гишүүдэд хамаарал бүхий урамшууллыг үндэслэлгүй өндөр дүнгээр нэмэгдүүлсэн нь олон нийтэд сөрөг ойлголт үүсгэснийг дурдсан байна. Одоогоор компанийн 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг боловч 19.78 хувийн эзэмшилтэй “Ажнай” корпорацын удирдлага “Тавантолгой”-ийн менежментийн багийг ихэвчлэн удирддаг аж.

    Мөн өнгөрсөн онд компанийн тайландаа тусгасан борлуулалтын орлого болон Монголын Хөрөнгийн биржээр борлуулсан нүүрсний үнийн дүн хооронд томоохон зөрүү гарсан нь хөрөнгө оруулагчид, шинжээчдийг гайхшируулж, улмаар багагүй шүүмжлэлд өртөж байлаа.

    Шинжилгээний үр дүнд MICC-ийн зүгээс “Тавантолгой” ХК-ийн хувьцааны зорилтот ханшийг 38,055.12 төгрөг буюу тавдугаар сарын 24-ний хаалтын ханшнаас нь 67.20 хувиар өндөр тогтоож, худалдан авах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан байна. Зорилтот ханшийг тооцоолохдоо компанийн хямдруулсан мөнгөн урсгалын загвар болон EV/EBITDA үржүүлэгчийг харьцуулж болох бусад компанитай харьцуулсан аргачлалыг ашиглажээ.

    Мөн компанийн борлуулалтын өсөлтийг даган мөнгөн урсгал нь тогтвортой байгаа тул компанийн бодит үнэ цэнийг чөлөөт мөнгөн урсгалын аргачлалаар (FCFF) тооцоолсон байна.

    Эцэст нь дурдахад “Тавантолгой” компанийн өсөлтийн түвшин цаашид гурван хувьд тогтворжих төлөвтэй гэж үзжээ.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих