logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    2025 он "Wall Street"-ийн нүдээр...
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 03 09:00
    1273

    Зургийг: Bloomberg

    “Wall Street”-ийн томоохон банкнууд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид, хөрөнгийн менежерүүдийн жилийн төсөөллийг ихэвчлэн өсөлт, инфляцын хүлээлт гээд уйтгартай атлаа чухал ач холбогдолтой эдийн засгийн хэмжүүрүүд тодорхойлдог. Харин 2025 онд тэдгээр төсөөлөл бүгд “уйтгартай бус” ганц хүнтэй холбогдож байна.

    Цагаан ордонд эргэн ирж буй Дональд Трамп ерөнхийдөө бизнесийг дэмжсэн бодлого баримтлах хүлээлттэй нь жинлүүрийг эерэг тал руу хэвийлгэж, ялангуяа америк компаниуд, АНУ-тай холбоотой хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд ээлтэй жил болох найдлага өдөөж буй. Хэдий тийм боловч олон улсын худалдааны талбарт түүний хатуу мэдэгдлүүд болгоомжлол төрүүлж, тааварлахад хэцүү зан араншин нь бүр нэрмээс болж байна.

    “Wall Street”-ийн стратегичдын армиас 2025 оны хөрөнгө оруулалтын орчны ерөнхий өнгийг тодорхойлох 700 гаруй дүн шинжилгээг “Bloomberg” цуглуулан нэгтгэжээ. Тэдгээр дундаас хамгийн их анхаарал татаж буй сэдвүүд, мөн дотоодын гол талбаруудад биднийг юу хүлээж байгааг сонирхоцгооё.

    unnamed (4).jpg

    Монголбанк: Оюутолгойн гүний уурхайн олборлолт дахь алт, зэсийн агууламж нэмэгдэх, боомтуудын хүчин чадлыг сайжруулснаар нүүрсний экспорт өсөх хүлээлт, мөн хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, үйлчилгээний салбарын өсөлт нь эдийн засгийг дэмжинэ.

    Сүүлд цахилгааны үнийг нэмснээс инфляцад үзүүлэх нөлөө 1-1.5 хувь байх тооцоолол гарч байна. Энэ нөлөө жилийн туршид үргэлжилнэ. 2024 оны долоодугаар сараас тасралтгүй эрчимжсээр буй инфляц 2025 онд ч өсөлтөө хадгалах төлөвтэй. Харин 2026 оноос зорилтот түвшин орчимд тогтворжих хүлээлттэй байна.

    unnamed (5).jpg

    ОУВС: Уул уурхайн экспортын сайн гүйцэтгэл, төсвийн мөчлөг дагасан тэлэлтийн нөлөөгөөр эдийн засгийн өндөр өсөлт хадгалагдана. Харин төсвийн дэмжлэгийн удааширсан үр нөлөө, төсвийн тэлэлт, цахилгааны үнэ тарифын нэмэгдэл, зээлийн өсөлтөөс шалтгаалж инфляц 2026 он хүртэл зорилтот түвшнээс дээгүүр байх төлөвтэй. Мөн хөгжлийн төслүүдийн хөрөнгө оруулалт импортын өсөлтийг эрчимжүүлж, хангалттай гадаад валютын нөөц төвлөрүүлэхэд саад болох тул урсгал данс үргэлжлүүлэн алдагдалтай гарахаар байна.

    Дэлхийн Банк: Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох коксжих нүүрсний үнэ 2025-2026 онд 12 орчим хувиар буурах тооцоо байгаа ч Оюутолгойн үйлдвэрлэл болон өсөлт хөдөө аж ахуйн салбарын сэргэлт нүүрсний үнийн уналтыг нөхөж, эдийн засгийг дэмжинэ. Хэдийгээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ойрын хугацаандаа таваас дээш хувьд хадгалагдахаар байгаа нь сайшаалтай ч гадаад эдийн засаг талаасаа тийм ч таатай орчин Монголыг угтахгүй шинжтэй.

    Иймд Монгол Улс өнөөг хүртэл олж авсан өсөлтөө хэрхэн бататгаж, удаан хугацаанд хадгалахад анхаарал хандуулах нь чухал.

    unnamed (6).jpg

    BNP Paribas: Оны хоёрдугаар хагаст ам.долларын ханш чангарч, Холбооны Нөөцийн банк хүүгээ бууруулахаа азнавал алтны үнийг тогтоох боломжтой. Түүнээс өмнө буюу 2025 оны эхээр алтны үнэ шинэ дээд цэгтээ хүрсээр байна.

    Citi: Газрын тосны үнэ 2025 оны дунд үе хүртэл алгуур буурч, баррель нь 60 ам.доллар хүрээд цаашид энэ түвшинд хэлбэлзэх төсөөлөл байна.

    Bank of America: Нийт таваарын үнэ 2025 онд ногоон бүсэд байх төлөвтэй. Суурь болон үнэт металлын үнэ цойлох ч (зэсийн үнэ 17 хувиар өсөж, алт унц нь 3000 ам.доллар давна) газрын тосны сул тренд үргэлжлэхээр байна. Брент төрлийн газрын тосны жилийн дундаж үнэ баррель нь 65 ам.доллар буюу 2024 оныхоос 20 хувь буурах шинжтэй.

    unnamed (7).jpg

    SxCoal: БНХАУ-д гангийн фьючерс болон спот ханш бууралттай байгаа нь коксжих нүүрсний үнийн уналт үргэлжлэх дохио өгч байна. Хэрэв бодлогын томоохон өөрчлөлт гарахгүй бол Хятадын нүүрсний нийлүүлэлт болон агуулахын нөөц 2025 онд өндөр хэвээр хадгалагдаж, нүүрсний үнэ буурахад нөлөөлнө. Энэ онд БНХАУ-ын импортын биет хэмжээ 520 сая тонн давах төлөвтэй гэсэн хүлээлт салбарын компаниуд, байгууллагуудын дунд зонхилж байна.

    Guosheng: Төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдсэнээр Монгол Улсаас БНХАУ-д гаргах нүүрсний экспорт ирэх гурван жилийн хугацаанд гурав дахин өсөх төлөвтэй. Мөн 2026 онд Монголын нүүрсний экспортын биет хэмжээ 99 сая тонн хүрч магадгүй.

    unnamed (8).jpg

    IEA: Цахилгаан автомашин, салхин турбин, нарны хавтангийн хэрэглээгээр тэргүүлэхийн хажуугаар бохирдуулалтаараа мөн дэлхийд тэргүүлдэг БНХАУ нүүрсний эрэлтийг дэмжих гол хүч болж байна. 2024 онд дэлхий дахины нүүрсний нийт эрэлт бүх цаг үеийн дээд түвшинд  буюу 8.71 тэрбум тонн хүрсэн байх төлөвтэй. Цаашлаад 2025-2027 онд нүүрсний эрэлт огцом бус алгуур нэмэгдэж, жил бүр түүхэн дээд цэгээ шинэчлэхээр байна.

    unnamed (9).jpg

    Deutshe Bank: Сүүлд танилцуулсан макро эдийн засгийн тэлэлтийг дэмжих бодлогуудын ачаар өсөлтийн эрч сайжирсан гэж үзэж байна. 2025 онд БНХАУ-ын эдийн засаг 4.8 хувиар өсөх төсөөлөлтэй. 2025 оны гуравдугаар сард жилийн төсвийн хамт төсвийн томоохон дэмжлэгийн арга хэмжээ зарлагдах хүлээлт байна. Гэхдээ өсөлтийн тогтвортой байдал нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэл, АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчлийн нөлөөллөөс хамааралтай байхаар байна.

    unnamed (3).jpg

    TD Securities: АНУ БНХАУ-ын бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний импортод 40 хувийн тариф ногдуулах төлөвтэй нь хүчтэй цохилт болно. БНХАУ-ын эрх баригчид экспортын алдагдсан эрэлтээ дотоодын эрэлтээр нөхөхийн тулд чадах бүхнээ хийнэ.

    BNY Mellon: Үл хөдлөх хөрөнгийн захын хямрал, хүн ам зүйн болон геополитикийн тодорхойгүй байдал гээд доош татах хүчин зүйлс хадгалагдах учир БНХАУ-ын эдийн засгийн өсөлт үргэлжлэн удааширна гэж үзэж байна.

    JPMorgan: 2025 онд хөрөнгө оруулагчид БНХАУ-ын төсвийн дэмжлэгийн арга хэмжээний цар хүрээ, нийт эдийн засгийн өсөлтөд урам хугарч хоцрох магадлалтай.

    unnamed (11).jpg

    Bank of America: Дэлхийн Төв банкнууд энэ онд нийт 124 удаа бодлогын хүүгээ бууруулж, дундаж бодлогын хүү таван хувиас дөрвөн хувь болохоор байна. Харин Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ оны эхний хагаст дахин хоёр удаа бууруулж, харин зургаадугаар сард зөөлрүүлэх бодлогоо өндөрлүүлж магадгүй.

    Capital Group: Бодлогын хүү эдийн засгийн өсөлтийг төдийлөн хязгаарлаагүй шинжтэй. Эдийн засгийн уналт тохиох төлөвгүй тул Холбооны Нөөцийн банк сонгуулийн өмнөх төсөөллөөс цөөн удаа бодлогын хүүгээ бууруулах магадлалтай. Зах зээлийн анхаарал Төв банкнаас эдийн засгийн өсөлт, компаниудын ашиг, улс төрийн болон зохицуулалтын орчны өөрчлөлт рүү шилжинэ.

    Монголбанк: Төсвийн зардал сүүлийн 2-3 жилд бараг хоёр дахин нэмэгдсэн. Төсвийн тэлэлтийг харгалзан мөнгөний бодлогын хатуу төлөвийг баримталж байна. 2025 онд ч энэ төлөв үргэлжлэхээр байна.

    unnamed (12).jpg

    Bank of America: Ам.долларын ханшийн өсөлт I улиралд дээд түвшинд хүрч, оны үлдсэн хугацаанд Азийн валютуудын эсрэг чанга хэвээр байна. Оны төгсгөлд иен-ам.доллар 160, юань-ам.доллар 7.4 хүрэх төсөөлөлтэй.

    Macquarie: Ам.долларын өргөн хүрээний өсөлтийг ганц сөрөх валют нь иен байх шинжтэй. Иений ханш ам.доллароос ч илүү эрчтэй чангарна.

    UniCredit: 2025 он бол ам.доллар гялалзах жил гэж үзэж байна.  Дональд Трампын засаглал инфляцыг өдөөж, Холбооны Нөөцийн банкны бодлого хянуур болж, БНХАУ, Европтой худалдааны зөрчил нэмэгдэж, АНУ-ын гадаад бодлого улам тусгаарлагдмал болох магадлал өндөр. Эдгээр бүгд нь ам.долларын эрэлт нэмэгдэх дохио өгч байна.

    unnamed (13).jpg

    Morgan Stanley: Тогтмол орлоготой бүтээгдэхүүн дундаас Засгийн газрын бондуудын өгөөж буурах төлөвтэй. Холбооны Нөөцийн банк зах зээлийн хүлээлтээс илүү өндөр дүнгээр бодлогын хүүгээ бууруулах боломжтой нь үүнд нөлөөлнө. Хэдий тийм боловч бидний таамаглаж буйгаар АНУ-ын Төв банк 2025 онд дунд үе хүртэл бодлогын хүүгээ хэвээр байлгах төлөвтэй байна.

    Capital Group: АНУ-ын инфляц Холбооны Нөөцийн банкны зорилтот хоёр хувийн түвшинд дөхөж байна. Түүхэн мэдээлэлд үндэслэвэл бондууд хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлэх уламжлалт үүргээ гүйцэтгэх боломжтой цаг эхэлж ирж байна.

    unnamed (14).jpg

    BNY: Бондуудын өгөөж анхаарал татсан хэвээр байх болно. Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ үргэлжлүүлэн бууруулахаар байгаа тул 2025 онд бондууд сайн үзүүлэлтээ хадгалах хүлээлттэй. Засгийн газар, компани, орон нутгийн бондуудын өгөөж бүгд олон арван жилийн дээд цэгтээ байгааг дурдах нь зүйтэй.

    unnamed (15).jpg

    Goldman Sachs: Хямд үнэлгээ, мөчлөг дагасан эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл хөгжиж буй орнуудын хувьцаанд хөрөнгө оруулах нь тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтаас илүү ашигтай байх магадлалтай. БНХАУ-ын эдийн засгаа дэмжих бодлого үргэлжлэхээр байгаа нь үүнд улам таатай орчин бүрдүүлнэ.

    Хэдий тийм боловч хөгжиж буй орнуудын хувьцааны өгөөж нь АНУ-ын хувьцаануудын өгөөжийг давна гэдэг хэцүү. Ам.долларын ханш чанга байгаа үед хөгжиж буй орнуудын ам.долларын бондод хөрөнгө оруулах нь дотоодын мөнгөн тэмдэгтээр гаргасан бондод хөрөнгө оруулснаас илүү аюулгүй.

    UBS: АНУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байх, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах, хиймэл оюуны дэвшил үргэлжлэх зэргээс шалтгаалан “S&P 500 Index” 2025 оны эцэс гэхэд 6600 хүрч магадгүй.

    JPMorgan Wealth Management: Эрчим хүчний салбарын компаниудад хөрөнгө оруулалт нэмэгдэх гурван шалтгаан бий гэж үзэж байна. Тэдгээр нь АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбарын шинэчлэл, цэвэр эрчим хүчний шийдлүүд дэх өндөр хэрэглээ, дата төвүүдийн нүсэр эрэлт байна.

    unnamed (16).jpg

    Capital Group: Хиймэл оюуны халуурал хэтэрч, төсөөлснөөс илүү том зах зээл болсон байх талтай. “Alphabet”, “Amazon”, “Meta”, “Microsoft” зэрэг томоохон компаниуд хөрөнгийн зардлынхаа тэн хагасыг технологид, үлдсэнийг нь газар авахад зарцуулж, найдвартай эрчим хүчний эх үүсвэрийн ойролцоо аль болох олон дата төв барьж, эрчим хүч нийлүүлэгчидтэй урт хугацааны гэрээнүүд үзэглэж байна. Энэ нь олон жилийн турш хөрөнгө оруулалтын том боломж байх болно.

    Санал болгох: Хиймэл оюун бодит байдалтай хэрхэн нүүр тулсан бэ?

    JPMorgan: 2025 он хөрөнгө оруулалтын жил байх болно. Ашгийн маржин тэлж, гүйцэтгэх удирдлагуудын итгэл сайжирч, бодлого боловсруулагчид өсөлтийг тэтгэхэд анхаарч байна. Үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт шаардах дэлхийн хэмжээний гурван чиг хандлага байна: Хиймэл оюун, эрчим хүч, батлан хамгаалах.

    Cэтгэгдэл бичих