Зургийг: Bloomberg TV Mongolia
Ирэх 12 сарын турш дэлхий даяар бодлогын хүүгийн буурах цикл давамгайлах төлөвтэй. 2022, 2023 онд сүүлийн олон 10 жилд байгаагүй эрчтэйгээр мөнгөний бодлогоо чангаруулсан Төв банкнууд инфляц тогтвортой саарч буй энэ үед бодлогын хүүгээ удахгүй бууруулж эхлэх хүлээлттэй байна.
Энэхүү эргэлтийн цэгийг “Bloomberg Economics” нарийвчлан харж, дэлхий даяар бодлогын хүү энэ оны турш нийт 128 нэгж хувиар буурна гэж тооцоолсон бөгөөд үүнд хөгжиж буй орнууд түүчээлэх төлөвтэй байгаа аж. Харин олон улсын үнэт цаас, бондын зах зээлд томоохон нөлөөтэй гол Төв банкнуудын бодлого хэрхэх вэ?
АНУ-ын Холбооны Нөөцийн банк
- Одоогийн бодлогын хүүгийн түвшин (дээд хязгаар): 5.5%
- “Bloomberg”-ийн төсөөллөөр 2024 оны эцэс гэхэд: 4.25%
Холбооны Нөөцийн банкны бодлого тодорхойлогчдын дийлэнх нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд хамгийн эрчтэй өссөн бодлогын хүү энэ оноос буурч эхэлнэ гэсэн хүлээлттэй байна. Хэдий тийм боловч үнийн өсөлт саарах чиглэлд цаашид хэр ахиц гарахаас дараагийн алхам нь шалтгаалах бөгөөд эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг хөтөч болгохоо тэд тодотгож буй.
2023 оны 12 дугаар сард гарсан медиан төсөөллөөс харвал бодлого боловсруулагчид энэ онд бодлогын хүүг 75 суурь нэгжээр бууруулж, 4.6 хувьд хүргэх төсөөлөлтэй байгаа аж.
Европын Төв банк
- Одоогийн бодлогын хүүгийн түвшин: 4%
- “Bloomberg”-ийн төсөөллөөр 2024 оны эцэс гэхэд: 3.25%
Холбооны Нөөцийн банкнаас ялгаатай нь Европын Төв банк бодлогын хүүг бууруулах боломжийн талаар ярих тун дургүй байгаа. Хэдийгээр инфляц төсөөллөөс өндөр дүнгээр саарсан ч Евро бүсийн 20 оронд цалин өсөж байгаагаас үүдэлтэй болгоомжлол хэвээр байна. Эдгээр трендүүд нь 2024 оны II улирлаас өмнө арилах магадлал бага байгаа юм. Тиймээс Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулах эхний шийдвэрээ ирэх зургаадугаар сард гаргах төлөвтэй гэж “Bloomberg Economics”-ийн эдийн засагчид үзжээ.
Японы Төв банк
- Одоогийн бодлогын хүүгийн түвшин: -0.1%
- “Bloomberg”-ийн төсөөллөөр 2024 оны эцэс гэхэд: 0%
Японы Төв банк дэлхийд цор ганц хасах утгатай бодлогын хүүгийн циклээсээ гарах уу гэдэг бус, харин хэзээ гарах вэ гэдэг нь чухал болоод байна. Тэргүүн Казүо Уэда ажлаа авсан эхний жилдээ бондын өгөөжийн муруйн хатуу хяналт болон хасах утгатай мөнгөний бодлогоос гарах нөхцөлийг бүрдүүлэхээр идэвхтэй ажилласан юм. Харин одоо тэрбээр удахгүй гарах эдийн засгийн үзүүлэлтүүдийг нягталж, инфляцын тогтвортой тренд үүссэн эсэхийг үнэлэхээр байна.
Дашрамд дурдахад, удаан хугацаанд дефляцтай тэмцсэний эцэст тус улсад өсөлт эргэн ирэх эерэг хүлээлт бий болсны нөлөөгөөр “Nikkei 225 Index” сүүлийн 34 жилийн дээд цэгтээ хүрч өсөөд байна.
“Citigroup”-ийн төсөөлөл ба Монгол Улс
Инфляцын үргэлжилсэн бууралт нь Монголбанканд оны эхний улиралд бодлогын хүүгээ бууруулах орон зай гаргаж өгч магадгүй гэж “Citigroup” үзэж байна. Тодруулбал: хэрэглээний үнийн индекс зорилтот түвшин найман хувь руу буух үед Монголбанк байгууллагын зээл олголтыг дэмжихийн тулд бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр бууруулах боломжтой аж.
Хэдий тийм боловч сонгууль угтсан төсвийн тэлэлт оны эцсээр инфляцын өсөлтийг дахин өдөөж, улмаар Монголбанк бодлогын хүүгээ эргүүлэн 13 хувьд хүргэх шаардлага гарч магадгүйг анхааруулжээ.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com