logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Анхбаяр
    Эрэлт байгаа ч зэсийн уурхайнуудад асар их мөнгө шаардагдаж байна. Асуудал үүгээр дуусахгүй...
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 23 13:36
    2801

    Чилийн Чукикамата уурхай. Зургийг Cristobal Olivares/Bloomberg

    Зэс олборлолтын салбарын өндөр өртөг, чанга зохицуулалтын уршгийн сургамжит түүх нь Чилийн Чукикамата уурхай.

    Дэлхийд зэсийн олборлолтоор тэргүүлэгч компаниудын төлөөлөл жил бүр болдог чуулга уулзалтаа энэ сарын 15-наас 17-ны хооронд Чилийн Сантьяго хотод хийхдээ баяр тэмдэглэх шалтгаантай байлаа. Учир нь зэсийн үнэ өнгөрсөн онд 6 хувиар өссөн байхад лити болон никелийн үнэ аль аль нь хоёр оронтой тоогоор унажээ.

    Дэлхийн дулааралд хөтөлдөг шатах түлшийг халах зорилготой эрчим хүчний шилжилтэд эдгээр гурав бүгд голлох үүрэгтэй. Гэхдээ зэс нь цэнэг хураагуураас гадна орон сууцны сантехник, автомашин, цахилгаан холболт гээд олон чухал зүйлд ашиглагддаг нь дээрх үнийн өсөлтөд түлхэц болжээ.

    ЗГ-ууд, бизнесүүд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх тусам хамгийн консерватив шинжээчид ч зэсийн эрэлт дараагийн 10 жилд 30 гаруй хувиар өснө гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн зэс олборлолтын салбар гарцаа хангалттай хэмжээнд өсгөхөд олон саадтай тулгарсан хэвээр. Нийгмийн болон байгаль орчны хяналт шалгалт чангарч, зөвшөөрөл авахад шаардагдах хугацаа уртассанаар насжилт нь дөхөж буй уурхайнуудыг орлох шинэ ордуудыг илрүүлж, хөгжүүлэхэд улам хэцүү болжээ.

    Эдгээр бүгд нь зэсийн төслийг өртөг өндөртэй, хугацаа их авдаг, бас санхүүжүүлэхэд хүндрэлтэй болгож байна.

     

    Чилийн уурхайн түүх

    Нийлүүлэлтийг хумьж буй хүчин зүйлсийн давхцалыг илүү ойроос харахын тулд Чилийн нийслэлээс хойд зүгт 1,000 гаруй км зайд байдаг, бүр Х.Колумбын өмнөх үеэс зэс олборлож ирсэн Чукикаматагийн уурхайг авч үзье. 950 гаруй га талбайтай уг уурхайгаас олборлосон зэс нь Чили улсыг тус металлын нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч, Өмнөд Америкийн хамгийн хөгжингүй улсуудын нэг болоход нөлөөлсөн юм.

    100 жил гаруй үргэлжилсэн олборлолтын дараа уурхайн хүдэр дэх зэсийн агууламж эрс багассан тул Чилийн төрийн өмчит Codelco компани уурхайн гүнд буй баялгийг гарган авахаар шийдэж, орчин үеийн гүний уурхай нээх төлөвлөгөөг 20-иод жилийн өмнө боловсруулжээ. Эхэндээ тус компани 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт төсөвлөсөн байна. Харин 2014 онд компанийн ТУЗ төслийн гэрээнд гарын үсэг зурах үед энэ дүн 4.2 тэрбум болон өссөн байлаа. Ингээд зогссонгүй 2019 оны тууз хайчлах ёслолын үеэр бүр 5.5 тэрбумд хүрсэн байна. Ийнхүү сүүлийн байдлаар, дэд бүтцийн зардлыг оруулж тооцвол нийт 7 тэрбум ам.доллар хүрсэн нь Codelco-ийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт болжээ.

    Зардлын энэхүү “тэсрэлт”-ийн цаана инженерчлэл болон геологийн нарийн төвөгтэй асуудал байжээ. Ил уурхайн яг доогуур 144 км урт туннель барих нь тийм ч амар ажил биш аж. Үүнээс гадна төлөвлөлт, гүйцэтгэлийн зарим алдаа ч байв. Гүний уурхай хэдийгээр 2019 онд нээлтээ хийсэн ч дээрх хүндрэлүүдийн нөлөөгөөр олборлолт нь бүрэн хүчин чадалдаа хүрэх хугацаа дөрвөн жилээр хойшилж, 2030 он болсон байна.

    40 төслийн 31 нь саатсан

    Дэлхий дахинд аваад үзвэл шинээр уурхай байгуулахтай холбоотой сорилтууд улам бүр яггүй болж байна. Нөөцийг нээж илрүүлснээс анхны баяжмал гаргах хүртэл шаардагдах нийт хугацаа сүүлийн хэдэн жилд дунджаар 4 жилээр уртсаж, 14 жил болсныг Bloomberg Intelligence мэдээлж буй. Харин газрын тосны салбарт өөр дүр зураг харагдаж буй бөгөөд Гайана улсын ойролцоо буюу далайн гүнд орших ордуудад олборлолт явуулж эхлэхэд ердөө 5 жилийн хугацаа орж байгаа юм.

    Дэлхийд хамгийн томд тооцогдох зэсийн уурхайнуудын нэг өнгөрсөн 12 дугаар сард үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан Панамын ЗГ-ын шийдвэрийн үр дүн байв. Энэ нь ч зэсийн үнийн өсөлт бусад түүхий эдүүдийнхээс давах нэг шалтгаан болсон билээ.

    Дэлхий даяар хэрэгжиж буй зэсийн 40 төслийн 31 нь нийгэм, байгаль орчин, эдийн засаг болон зохицуулалттай холбоотой томоохон хүндрэлүүдтэй тулгараад байгаа гэсэн анализыг Торонтод үйл ажиллагаа явуулдаг Flashpoint Capital банк гаргаад байна. Тухайлбал тэдгээр төслүүдэд тулгамдсан зарим асуудал ихээхэн бэрхшээл дагуулахаар хэмжээний, тухайн төслийн хувь заяаг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлэхээр түвшнийх байгааг тус банкны партнер Колби Минтрам онцолжээ.

     

    Энэ мэт хүндрэлүүд нь шинэ төсөл хэрэгжүүлэх уул уурхайн компаниудын сонирхлыг бууруулж магадгүй юм. Goldman Sachs-ийн тооцооллоор зэсийн нийлүүлэлтийн хомсдол жилийн дүнгээр 8 сая тонн хүрэх ба энэ асуудлыг шийдэхийн тулд уул уурхайн салбар ирэх 10 жилийн хугацаанд 150 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай аж. Зэсийн үнэ тонн нь $10,000 давснаар энэ нөхцөл бүрдэнэ гэж Trafigura Group-ийн гүйцэтгэх захирал Жереми Уэйр өнгөрсөн долоо хоногт Чилид болсон нэгэн хурлын үеэр хэлсэн юм.

    Харин Лондонд төвтэй судалгаа, зөвлөх үйлчилгээний CRU фирмийн хувьд зэсийн эрэлтийн талаар бусад фирмүүдийг бодвол илүү сөрөг төсөөлөлтэй байгаа ч нийлүүлэлтийн талын хүндрэлүүд тулгарах эрсдэлийг хүлээн зөвшөөрч буй. Уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөж, нөөц ихтэй орд ховордож байгаа бөгөөд ирээдүйд хэрэгжих төслүүдийн ⅓ нь Конго тэргүүтэй улс төр болон зохицуулалтын хувьд өндөр эрсдэлтэй улсууд болон бүс нутагт байршилтай байна.

    Жэймс Аттвуд

    Cэтгэгдэл бичих