
Зургийг: entreeresourcesltd.com
“Оюутолгой” төсөлд түншилдэг “Entrée Resources” компани 2024 онд 4.8 сая ам.долларын үйл ажиллагааны алдагдалтай ажилласнаа тайлагналаа. Алдагдал нь өмнөх оноосоо 300 мянга орчим ам.доллароор өсөхөд төслийн хувь нийлүүлэх гэрээтэй холбоотой арбитрын үйл ажиллагааны хууль эрх зүйн зардал нөлөөлжээ.
Тус компанийн хоёр жилийн турш “Оюу Толгой” болон “Turquoise Hill Resources” компанитай хийсэн арбитрын маргаан өнгөрсөн оны 12 дугаар сард эцэслэгдэж, арбитрын шийдвэр “Entrée Resources”-ийн талд гарсан юм.
Энэ хүрээнд “Entrée Resources” болон “Оюу Толгой” компани хоёрдугаар сарын таванд лиценз шилжүүлэх гэрээ байгуулж, "Шивээ Толгой" болон "Жавхлант" лицензүүд “Оюу Толгой” ХХК-ийн мэдэлд шилжжээ.
Үүнээс гадна “Entrée Resources” нэгдүгээр сарын 24-нд 2.6 сая гаруй ширхэг хувьцаагаа нэгж бүр нь 2.21 канад доллароор хаалттай хүрээнд арилжаалж, 5.7 сая канад долларын санхүүжилт татсан байна.