
Зургийг: Scott Eells/Bloomberg
АНУ-ын технологийн томоохон компаниудын орлого буурах хандлагатай байгаа нь хиймэл оюуны технологийн хөрөнгө оруулалт болон энэ чиглэлд авах арга хэмжээгээ нэмэгдүүлэхэд түлхэц болохоор байгааг Bank of America-ийн шинжээчид онцолж байна. Өөрөөр хэлбэл, BofA-ийн хувьд хиймэл оюун нь ирээдүйд компаниудын ашиг орлогын гол эх үүсвэр болно гэж үзэж буй.
“Microsoft”, “Meta”, “Alphabet” болон “Tesla” компани энэ долоо хоногт санхүүгийн тайлангаа танилцуулах хүлээлттэй байгаа. “Magnificent 7”-д багтдаг компаниудын орлого өмнөх оны мөн үеэс 39 хувиар өссөн байх төлөвтэй гэж BofA-ийн шинжээчид тооцоолжээ. Энэ нь 2023 оны IV улиралд 63 хувийн өсөлттэй байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болох юм.
Томоохон технологийн компаниудын санхүүгийн тайлан гарах хүлээлттэй зэрэгцээд “Nasdaq 100” индекс өнгөрсөн долоо хоногт 5.4 хувиар унаж, сүүлийн нэг жил хагасын хамгийн тааруу долоо хоногоо үдсэн. Тиймээс компаниудын санхүүгийн тайлан энэхүү уналтыг зогсоох хэмжээний сайн үзүүлэлттэй байж чадах уу гэдэг нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. “Nasdaq 100” индекс IV сард 6.5 хувиар унасан нь 2022 оны XII сараас хойших хамгийн тааруу үзүүлэлттэй сар болов.
Үүнтэй зэрэгцээд UBS банк “Alphabet”, “Apple”, “Amazon”, “Meta platforms”, “Microsof”, “Nvidia” зэрэг компани багтдаг технологийн салбарын хөрөнгө оруулалтын үнэлгээгээ өсөх төлөвтэйгөөс хэвийн болгон бууруулжээ. Салбарын зэрэглэлийг бууруулсан нь "Эдгээр компанид тулгарч буй хүндрэл, уналтын мөчлөгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг", мөн "Компанийн ерөнхий үнэлгээ эсвэл хиймэл оюуны хөгжилд эргэлзсэн асуудал биш" гэж UBS даваа гарагт нийтэлсэн тэмдэглэлдээ дурдсан.
“Apple” компанийг 2024 оны хөрөнгө оруулалтын шилдэг сонголтоор нэрлэв
BofA “Apple” компанийг 2024 оны хөрөнгө оруулалтын шилдэг сонголтоор нэрлэж, тус компанийн үйлчилгээний салбарын орлогын өсөлт, ашиг нь өндөр хэвээр байх төлөвтэй байгаа бөгөөд хэтийн төлөв эерэг байна гэдгийг онцолсон байна. Гэсэн ч эрэлт сул байгаа бөгөөд санхүүгийн жилийн II улиралд компанийн төлөвлөгөөний зорилт бага байгаа нь хувьцааны ханшид нөлөөлж болзошгүйг анхааруулжээ. Даваа гарагт “Apple”-ийн хувьцаа 0.5 хувиар өссөн. Хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хамгийн доод цэгтээ хүрч, таван өдрийн турш 6.5 хувиар буурч, зах зээлийн үнэлгээнээсээ бараг 180 тэрбум ам.доллар алдаад байгаа. Он гарсаар хувьцааны ханш нь 14 хувиар унасан нь мегакап технологийн компаниудын дунд хамгийн тааруу үзүүлэлттэй болж буй.