
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Олон улсын аялал жуулчлал бүрэн сэргэснээр дэлхийн агаарын тээврийн салбарын зорчигч тээвэрлэлт 2024 онд өмнөх оноосоо 10.4 хувиар өсөөд зогсохгүй цар тахлын өмнөх түвшнээс 3.8 хувиар давжээ. Агаарын тээврээ либералчилж, шууд нислэгтэй чиглэлийн тоогоо эрчимтэй нэмэгдүүлэхээр ажиллаж буй Монгол Улсад ч энэ чиг хандлага ажиглагдаж, өнгөрсөн онд тээвэрлэсэн нийт зорчигчийн тоо хоёр сая хүрсэн байна. Хэдий тийм боловч эдийн засгийн агуулгаар сайн бөгөөд саар үр дагавар аль аль нь байна.
Шинэ Хөвсгөл – Фукуок
Монгол Улс өнгөрсөн онд анх удаа 800 мянган жуулчин хүлээн авснаар нэг сая жуулчин хүлээн авах зорилгодоо ойртож, мөн салбарын орлого 1.6 тэрбум төгрөг хүрсэн нь түүхэн дээд амжилт болов. Хэдий тийм боловч үүнийг олон улсад аялсан монголчуудын тоо өсөлтөөрөө хол давж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал 2024 онд давхардсан тоогоор 2.7 сая иргэн гадаадад зорчсон нь өмнөх оноосоо 35 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Хүйтний улиралд монголчуудын дунд нэлээд эрэлттэй болдог Зүүн Өмнөд Азийн аяллын хүртээмж, нислэгийн тоо нэмэгдсэнээр ялангуяа XII, I сард гадаадад зорчсон монголчуудын тоо эрс өссөнийг харж болохоор байгаа юм. ИНЕГ-ын мэдээллээс харвал энэ оны эхний сард олон улсад чиглэлд явсан, ирсэн зорчигчийн тоо 26 хувиар өсөж, 157 мянга хүрснээс 22 хувийг нь Тайланд, Вьетнамын чиглэлд зорчигчид дангаараа эзэлж байна. Тэр дундаа Улаанбаатар-Фукуок-Улаанбаатар чиглэлд 12 мянга 400 гаруй хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 2000 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Тэрбумын алдагдал
Олон улсын аялал нь үйлчилгээний импортод тооцогддог тул сүүлийн хоёр жилд төлбөрийн тэнцэлд ихээхэн жин дарсан байна. Тухайлбал: 2024 онд аялал жуулчлалын импорт 1.6 тэрбум ам.доллароор, экспорт нь 592 сая ам.доллароор хэмжигдсэн тул аялал жуулчлалын салбар тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан гэсэн үг юм. 2024 онд төлбөрийн тэнцлийн ашиг хоёр дахин буурахад импорт 26 хувиар өсөж, дагаад урсгал тэнцлийн алдагдал тэлсэн нь гол нөлөө үзүүлжээ.
Тиймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтоо бодит байдал болгохын сацуу дэд бүтэц, чанартай үйлчилгээгээр жуулчдын дахин ирэх сэдлийг төрүүлж, тооноос илүү чанарт анхаарахгүй бол салбарын энэхүү нөхцөл байдал үргэлжилсээр байх төлөвтэй.