
Зургийг: Chona Kasinger/Bloomberg
Хиймэл оюуны салбарт тэргүүлэгч “Гайхамшигт 7”-ийн зургаа нь энэ оны II улирлын санхүүгийн үзүүлэлтээ тайлагнаад байна. Тайлант хугацаанд тэдгээр компанийн ашиг, орлогын өсөлт 30 орчим хувь болж саарчээ. Энэ нь санхүүгийн жилийн өмнөх улирлын өсөлт болох 50 хувьтай харьцуулахад огцом удааширсан үзүүлэлт юм.
Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид хиймэл оюуны томоохон амлалтуудад гайхширахаа больж бодит үр дүн харахыг хүсэж байгаагийн илрэл болж байна. Түүнчлэн III улиралд ашгийн өсөлтийн дундаж хурд 17 хувь болж саарах хүлээлттэй байна гэж шинжээчид үзэж байгаа аж.
“Microsoft”, “Meta”, “Amazon”, “Apple” зэрэг компани хиймэл оюунд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулж буй ч тэдний амлалт үр дүнгээ хараахан өгч амжаагүйгээс үүдэн хувьцааны ханш нь унах хөдөлгөөн ажиглагдаж эхлээд байна.
Өнгөрсөн сарын 24-нд санхүүгийн тайлангаа танилцуулсан “Tesla” компани хиймэл оюуны чиглэлд хөгжүүлэлтээ эрчимжүүлэхээ амласан хэдий ч хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаад байгаа юм.
Тайлангуудын дараа “Nasdaq 100 Index” долоодугаар сарын оргил түвшнээс 11 хувиар буурсан байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчид технологийн томоохон компаниудад хөрөнгө оруулахаас илүүтэй арай жижиг компаниуд, эрсдэл багатай хувьцаа, бондуудыг авч эхлээд байгаа ажээ.
Хэдийгээр “Meta”-ийн хиймэл оюунд суурилсан зар сурталчилгааны борлуулалт өссөн болон “AMD” компанийн цаашдын төсөөлөл өөдрөг байгаа зэрэг зах зээлд эерэг хүлээлт бий болоод буй ч хөрөнгө оруулагчид хянамгай байж хоосон амлалтад найдалгүй бодит үр дүн харуулахыг шаардаж байгааг хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн харуулж байна.