
Зургийг: Bloomberg
БНХАУ-д гангийн эрэлт сул хэвээр байгаа ч тус улсын коксжих нүүрсний импорт өндөр өсөлттэй байна. Аравдугаар сард БНХАУ 1.38 тэрбум ам.доллароор 9.96 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 24.8 хувиар өссөн үзүүлэлт болоод зогсохгүй өмнөх жилүүдийн аравдугаар сарын үзүүлэлтүүдтэй харьцуулбал түүхэн дээд түвшин болсныг "SXCoal"-ийн статистик харуулж байна.
Өнгөрсөн сард БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 40 хувийг Монгол Улс хангаж, тэргүүллээ хадгалсан бол ОХУ (26 хувь), АНУ (13 хувь), Австрали (13 хувь) удаалжээ. Монгол Улс энэ хугацаанд нийт 3.93 сая тонн нүүрс нийлүүлсэн нь жилийн дүнгээр 6.8 хувийн өсөлттэй, сарын дүнгээр 4.6 хувийн бууралттай үзүүлэлт болсон байна. Харин үнийн хувьд бусад гол нийлүүлэгчдээс хамгийн хямд буюу тонн тутамдаа 112.4 ам.долларын дундаж үнээр худалдсан нь өмнөх оны мөн үеэс 14.6 ам.доллароор доогуур үнэ юм.
Харин өрсөлдөгч орнуудын үзүүлэлтийг харвал Австралийн аравдугаар сарын нийлүүлэлт өмнөх оноос 247 хувиар буюу эрс өсөж, 1.33 сая тонн, АНУ-ынх 111 хувиар өсөж, 1.34 сая тонн, ОХУ-ынх 28.5 хувиар өсөж, 2.56 сая тонн хүрчээ.
ОХУ цаашид далайн тээвэр, төмөр замаар БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспортоо эрс нэмэгдүүлэхэд бэлэн байгааг ОХУ-ын Шадар сайд Александр Новак хоёр улсын хамтын ажиллагааны форумын үеэр онцолсныг ТАСС агентлаг мэдээлсэн байна.