
Angel Garcia/Bloomberg
Цаг уурын гамшигт үзэгдлүүд ургацыг сүйтгэж, хөдөлмөрийн бүтээмжийг алдагдуулж, дэд бүтцэд гэмтэл учруулж буйгаас 2049 он гэхэд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн эдийн засагт жилдээ 38 их наяд ам.доллартой тэнцэх хэмжээний хохирол учруулна гэж Подстамын уур амьсгалын нөлөөг судлах институтын (PIK) судлаачид тооцоолсон байна.
Түүнчлэн дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр энэ зууны дунд үе гэхэд дэлхийн хэмжээнд нийт орлого уур амьсгалын өөрчлөлтгүй үеийн эдийн засагтай харьцуулахад 19 хувиар буурна гэж “Nature” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд өгүүлсэн байна. Уг тооцооллыг өнгөрсөн 40 жилийн турш дэлхийн 1,600 гаруй бүс нутагт хийсэн тоон судалгаанд тулгуурлан гаргаж, дэлхийн дулаарал ирээдүйд эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг дүгнэжээ.
“Уур амьсгалын өөрчлөлт ирэх 25 жилд бараг бүх улс оронд асар их хэмжээний эдийн засгийн хор хохирол учруулна. Бид хүлэмжийн хийн ялгарлаа нэн яаралтай, өндөр дүнгээр бууруулах шаардлагатай байна. Эс бөгөөс энэ зууны хоёрдугаар хагаст эдийн засагт учрах хор хохирол улам нэмэгдэнэ. 2100 он гэхэд хор хохирлын хэмжээ дэлхийд дунджаар 60 хувиар өсөх тооцоотой” хэмээн судалгааг ахалсан, тус институтын эрдэмтэн Леони Венц өгүүлж байлаа.
Аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш хүний үйл ажиллагаанаас улбаалсан хүлэмжийн хийн ялгарал дэлхийг дунджаар цельсийн 1.1 хэмээр дулааруулжээ. Ингэснээр цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд 7 их наяд орчим ам.долларын хохирол учирсныг “Bloomberg Intelligence” тооцоолсон байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хохирлын хэмжээ 2016 оноос хойш тасралтгүй өссөөр дунджаар жилийн 500 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь АНУ-ын ДНБ-ий 2 хувьтай тэнцэх дүн юм.
Харин дэлхийн дулааралд багахан нөлөө үзүүлсэн хөгжингүй орнууд хамгийн их алдагдал, хор хохирол амсаж байна. Судалгаанаас үзвэл уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөөлсөн улс орнуудын орлогын түвшин өндөр орлоготой улсуудынхаас 60 хувиар илүү буурах таамагтай байна.
Энэ зууны эцэс гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дэлхийн дулаарлыг Цельсийн 2 хэмд барих нь цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хохирлын хэмжээг багасгаж, зардлыг бууруулах хамгийн оновчтой арга хэмээн судлаачид өгүүлж байлаа.
“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах нь ямар ч арга хэмжээ авахгүй байснаас илүү хямд зарлагатай. Үүнд бүр ургамал амьтан мөхөх, биологийн төрөл зүйл устах зэрэг эдийн засгийн бус сөрөг үр дагаврыг ч оруулаагүй байгаа. Ядаж л зарим хор хохирлоос сэргийлэхийн тулд бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай болно” хэмээн Венц онцолжээ.