logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    Долларын давамгайллыг тайлбарлах нь
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 16 14:22
    1012

    Зургийг: Joi Fulton/Bloomberg

    Нөлөөтэй, тогтвортой, бас дэлхийн эдийн засагт байр сууриа бат эзэлсэн зэрэг нь долларыг тодорхойлох давуу тал хэдий ч үүнийг дагасан эрсдэлүүд бас бий

    АНУ-ын доллар нь дэлхийн хэмжээний валютад хамгийн дөхөх мөнгөн тэмдэгт юм. Мөн олон улсын гүйлгээнд ашиглагдаж буй байдлаар ямар ч валют доллартой эн зэрэгцэхгүй бөгөөд АНУ-тай найрсаг, дайсагнасан харилцаатай байхаас үл хамааран дэлхийн улс орнууд долларыг үндсэн гадаад валютаар нөөцөлж байдаг.

    Дэлхийн II дайны дараа АНУ хүчирхэг гүрэн болж хөгжсөн нь долларын ноёрхлын эхлэлийг тавьсан юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хөрөнгө оруулагчид эдийн засгийн уналт, сэргэлтийн аль ч үед хөрөнгөө аюулгүй хадгалахын тулд АНУ-ын Засгийн газрын бонд зэрэг доллароор илэрхийлэгдсэн хөрөнгө, мөн долларт найдах болсон. Үүний цаад шалтгаан нь АНУ-ын харьцуулшгүй хүч болон бодлогын тогтвортой байдалд оршиж байгаа юм. Тус улс хүчирхэг батлан хамгаалах хүчин, далайцтай эдийн засгаараа дэлхийд тэргүүлдгээс гадна хуумгай шийдвэр гаргах эрсдэлтэй лидерүүд бус хууль засагладаг тул улс төрийн тогтвортой орчин бий болгож чаджээ. 

    Эдгээрээс гадна бас нэг давуу тал нь доллароор илэрхийлэгдсэн үнэт цаас элбэг байдаг тул хамгийн их хөрвөх чадвартай хөрөнгө болсон. Өөрөөр хэлбэл зарж, борлуулах эсвэл худалдан авахад хялбар гэсэн үг юм. АНУ хүртэл дотооддоо хямралтай үед долларын эрэлд гардаг.  2008 онд эхэлсэн АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралын үеэр долларын ханш зургаан гол валютын эсрэг 12 сарын турш 26 хувиар чангарсан юм.

    ДОЛЛАР НОЁЛЖ БАЙНА. ЯАГААД?

    Нөлөөтэй

    АНУ-ын нүсэр эдийн засаг нь дэлхийд хэмжээгээрээ II, III болон дөрөвдүгээрт орох эдийн засгууд болох БНХАУ, Япон, Герман улсын эдийн засгийг нийлүүлсэнтэй бараг тэнцүү. Энэ нь долларын давамгайлалд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл юм. Мөн дэлхийд хамгийн том, хөрвөх чадвар хамгийн өндөртэй хөрөнгийн зах зээл нь АНУ-ын эдийн засгийн бяр тэнхээг нэмэгдүүлж байдаг. Бусад улсын зах зээлийг хол илүүрхдэг энэхүү зах зээлд дэлхийн хамгийн чинээлэг, хөгжлийн хамгийн өндөр түвшинд гарсан олон компани хамаарч байна. 

    АНУ-ын бондын зах зээл ч бусдыг араасаа дагуулахгүй бөгөөд тус улсын Засгийн газрын бондын зах зээл л гэхэд 27 их наяд ам.доллар хүрч тэлээд буй. Компаниуд санхүүжилт босгох шаардлагатай болсон үедээ АНУ-ын зах зээлийг сонгож, бонд гаргах, хувьцаагаа борлуулах, зээл авах нь хамгийн түгээмэл. 

    Тогтвортой

    АНУ-ын мөнгөн тэмдэгтүүд “Бурханд бид итгэнэ” гэсэн бичээстэй хэвлэгддэг ч үнэн хэрэгтээ хүмүүсийн долларт итгэх итгэлийн тулгуур багана нь АНУ-ын институтүүдийн хүч нөлөө юм. Хууль дээдлэх ёс бэхжиж, эрх мэдлийн хяналт-тэнцлийн зарчмыг хангасан байдаг нь улс төрийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглахаас сэргийлдэг бөгөөд сонгууль  чөлөөт, шударга зарчмаар явагдсаар ирсэн түүхтэй.

    Бусад улсын Төв банктай харьцуулахад Холбооны Нөөцийн банк хараат бус байдлаа удаан хугацаанд тогтвортой хадгалж ирсэн. АНУ санхүүгийн хувьд тогтвортой бөгөөд өрөө төлж чадахгүйгээс дефолт зарлаж, гипер инфляцад өртөн эдийн засгаа элгээр нь хэвтүүлж байгаагүй цөөн хэдэн орны нэг юм. Тийм учраас доллар үнэ цэнээ хадгалж, зах зээлийн нөхцөл байдал хяналтаас гарсан нөхцөлд ч хамгийн аюулгүй сонголтуудын нэг болдог байна.

    Байр сууриа бат эзэлсэн

    Статусаа хадгалах хүчийг доллар чанга атгажээ. Хямрал нүүрлэх, эдийн засгийн давамгайлал нэгээс нөгөөд шилжих, эсвэл зүгээр л он цагийн явцад дэлхийн гадаад валютын нөөцийг голчлон бүрдүүлдэг валют солигдсоор ирсэн юм.

    1890-ээд оны эхээр АНУ Их Британийг гүйцэж, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болоход Их Британийн фунт стерлингийн хүч харьж эхэлсэн ч түүнээс хойш хагас зууны дараа буюу дэлхийн хоёр ч дайн, Их Британид бүрэн хэмжээний санхүүгийн хямрал болж өнгөрсний дараа л доллар эцэст нь фунт стерлингийг сэнтийнээс нь буулгасан юм.

    Харин өнөөдөр гол валютыг өөрчилье гэвэл давах ёстой саад тотгорууд өндөр болжээ. Яагаад гэвэл дэлхийн улс орнууд санхүү эдийн засгийн хувьд өөр хоорондоо маш нягт холбогдож, долларт тулгуурлан инженерчлэгдсэн гэхэд болно. Иймд долларыг орлуулахад зөвхөн эдийн засгийн болон бусад их хямралаар тогтохгүй олон улсын санхүүгийн гүйлгээний тогтолцоог үндэс сууриар нь өөрчлөх шаардлага гарч магадгүй юм. 

    ДОЛЛАР ХҮЧТЭЙ БАЙХ НЬ ХЭНД АШИГТАЙ, ХЭНД АШИГГҮЙ ВЭ?

    Энэ нь дэлхийн санхүүгийн тогтолцооны дэг журамд та хаана байрлаж байгаагаас хамаарна.

    АНУ-д

    АНУ-ын Засгийн газар өндөр хүү төлөхгүйгээр нүсэр хэмжээний зээл авч болох том давуу талтай. Одоогоор тус улсын нийт өр 34 их наяд ам.доллар байгаа нь 27 их наяд ам.доллароор хэмжигдэх дотоодын нийт бүтээгдэхүүнээс нь давах дүн. Мөн долларт итгэх итгэл, эрэлт зэрэг нь АНУ-ын зээлдэгчид орон сууцны, автомашины, компанийн зээлд харьцангуй бага хүү төлөх боломж олгодог. Эдгээр нь эдийн засгийн хүрээнд ч, санхүүгийн хүрээнд ч долларын давамгайллыг улам бэхжүүлж өгдөг. Түүнчлэн дэлхийн хаа нэгтээ эдийн засгийн асуудал нүүрлэлээ гэхэд АНУ санхүүгийн сүлжээний гол зангилаа болохынхоо хувьд тэрхүү асуудлаас хамгаалагдах нь түгээмэл.

    Бусад оронд

    АНУ-ын гаргасан шийдвэрүүдээс хамаарч дэлхийн улс орнуудын эдийн засгийн хувь тавилан уруудах уу, өөдлөх үү гэдэг нь шийдэгдэж байдаг. Тэдгээр шийдвэр нь ихэвчлэн АНУ-д ашигтай байна. Жишээлбэл: Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгээ өсгөх шийдвэр нь жирийн америкчуудын төлөх түрээс, хүнсний үнийн хөөргөдлийг тогтоон барих нөлөөтэй. Гэтэл нөгөө талдаа энэ нь долларын бусад валюттай харьцах ханшийг чангаруулна. 

    Иймд аливаа улс мөнгөн тэмдэгтээ долларын эсрэг сулрахаас сэргийлэх гэж байгаа бол бодлогын хүүгээ Холбооны Нөөцийн банкныхтай уялдуулж өсгөх хэрэгтэй болно. Эсрэгээрээ тухайн улсын эдийн засагт инфляцыг хазаарлах арга хэмжээ авах шаардлагагүй бол яах вэ? Энэ тохиолдолд АНУ-ын бодлогыг дагах дарамтад автан бодлогын хүүгээ өсгөж, улмаар эдийн засгийн өсөлтөө сааруулах магадлалтай.

    Нөгөөтэйгөөр АНУ-ын бодлогыг сөрж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа сулруулах өөр зам байгаа ч энэ нь инфляцыг хөөргөдөх зэрэг эрсдэлүүдэд хүргэж болно. Мөн тухайн орны Засгийн газар, иргэдийн доллароор илэрхийлэгдсэн өр төлбөрийг дотоодын мөнгөн тэмдэгтээр төлж барагдуулахад илүү өртөгтэй болох эрсдэлтэй юм. Энэ нь олон улс оронд, тэр дундаа хөгжиж буй орнуудад маш том асуудал. Хэрэв өр төлбөр хяналтаас гарвал санхүүгийн хямрал ч нүүрлэж болно.

    Мөн АНУ долларыг гадаад бодлогын хэрэгсэл болгон ашиглах үе бий. Олон улсын тэргүүлэх мөнгөн тэмдэгтийг гаргагч улс болохынхоо хувьд АНУ дэлхийн санхүүгийн томоохон байгууллагуудыг дотооддоо төвлөрүүлж,  худалдаа, санхүүгийн үндсэн сүлжээний хяналтыг атгаж байдаг. Ингэснээр доллар нь АНУ-ын хувьд хувь хүн, аж ахуйн нэгж, тэр байтугай улс орныг дэлхийн санхүүгийн системээс тусгаарлах онцгой зэвсэг болсон байна. Тухайлбал: БНАСАУ, Иран, ОХУ зэрэг улсад эдийн засгийн хориг арга хэмжээ нэрийн дор ийм төрлийн шийтгэлийг ногдуулж байв. 2022 онд ОХУ Украинд халдан довтолсны дараа АНУ болон Европын Холбоо ОХУ-ын долоон банкийг  төлбөр тооцооны SWIFT сүлжээнээс хассан юм.

    Түүнчлэн АНУ-аас ОХУ-ын хөрөнгийг царцааж, Төв банкных нь долларын арилжаа хийх боломжийг тасалдуулж, тус улсын хамгийн алдартай, чинээлэг иргэдийнх нь олон улсын санхүүгийн системд оролцох эрхийг хаасан юм. Санхүүгийн хориг арга хэмжээний эхний шатны дараа рублийн доллартой харьцах ханш тэр даруй  30 хувиар унасан ч яваандаа рубль тодорхой хэмжээнд сэргэж, ОХУ хэдийгээр дайны үеийн эдийн засагтай ч цалин хөлсөө нэмэгдүүлж, хориг арга хэмжээг үл харгалзан эдийн засгийнхаа идэвхийг хадгалж чадсан билээ.

    ДОЛЛАРЫН НОЁРХОЛ ГАНХАХ ЭРСДЭЛ ХААНА БАЙЖ БОЛОХ ВЭ?

    Долларын хамгийн том эрсдэлүүд АНУ дотор л эргэлдэж байдаг.

    Өр болон Засгийн газрын доголдол

    Конгрессын зөвшөөрөлгүйгээр АНУ-ын Засгийн газар ямар нэг зардал гаргах эрхгүй байдаг. Харин хууль тогтоогчдын баталсан зарцуулалтаас үүдэх алдагдлыг нөхөхийн тулд Конгрессоос тогтмол хугацаанд "өрийн дээд хэмжээ"-г өсгөж байх шаардлагатай. Заавал батлагдах ёстой энэхүү санал хураалт нь хууль санаачлагчдад нөлөөллөө ашиглан хамааралгүй хуулийг дагалдуулан батлуулах алтан боломж олгодог. 

    2023 онд АНУ-ын Сангийн яамнаас тогтоосон өрийн таазыг нэмэгдүүлэх хуулийн төслийг Бүгд найрамдах намын хууль тогтоогчид олноор эсэргүүцэж, улмаар Ерөнхийлөгч Жо Байден болон түүний намынхан Конгрессоор аль хэдийн батлагдсан төсвийн зарцуулалтыг танахаар зөвшөөрч байсан юм.

    Асуудлыг “тартагт нь тулгаж” байж нөгөө талаа буулгаж авах стратегийг АНУ-ын хоёр гол нам удаа дараалан ашигласнаас болж өнгөрсөн нэгдүгээр сард Сангийн яам нь өрийн таазандаа дахин тулж байв. Улмаар хоёр нам тохиролцоонд хүрэх хүртэл хэдэн сарын турш АНУ-ын Сангийн яам дефолтоос сэргийлэх яаралтай арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүрсэн юм.

    Энэ бол Конгресс сүүлийн 10 жилийн хугацаанд дефолтоор “даажигнасан” хамгийн сүүлийн жишээ байлаа.

    Конгресс энэ мэтээр өрийн асуудлаар “муур, хулганадах”, Засгийн газрын үйл ажиллагаагаа санхүүжүүлэх чадварыг сорьсон эрсдэлтэй алхам хийх бүрд долларын нэр хүндэд сэв сууж байдаг. Онолын хувьд дефолтод дөхөж очсон энэ явдлын уршгаар үнэлгээ тогтоогч гурван том агентлагийн хоёр нь АНУ-ын тэргүүлэх түвшний зээлжих зэрэглэлийг бууруулахаас өөр аргагүйд хүрчээ.

    Үүнээс гадна Конгресс дахь Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын төлөөлөл Засгийн газрын агентлагуудад санхүүжилт батлах тогтсон хуваарьт үйл явцыг нөлөөгөө тогтоох боломж болгон ашиглаж, улмаар АНУ-ын Засгийн газрын зарим үйл ажиллагаа санхүүжилтгүйн улмаас тасалдахад хүргэж байв.

    Давуу байдлаа хэтрүүлэн ашиглах

    АНУ дэлхийн валютын зах зээлийн төвд байгаа давуу байдлаа хэтрүүлэн эсвэл урвуулан ашиглахаас үүдэж болох эрсдэлүүд бий. Хэрэв тус улс хэт хатуу, эсвэл гэнэтийн эдийн засгийн хориг арга хэмжээ авсаар байвал зарим улс орон долларын нөлөөллийг бууруулах арга зам олоход нухацтай хандаж эхэлнэ. Тухайлбал: Бразил, ОХУ, БНЭУ, БНХАУ, Өмнөд Африкийг хамарсан BRICS холбооноос газрын тос олборлогч болон бусад орнуудад доллароос татгалзахыг уриалж, эгнээндээ элсүүлэх оролдлого хийж буй ч одоогоор төдийлөн ахиц гараагүй байна.

    ДОЛЛАРЫГ ОРЛОХ БОЛОМЖ

    Дэлхий даяар доллароос өөр Засгийн газрын дэмжлэгтэй валютууд олон бий. Тэдгээрийн зарим нь олон улсын санхүүгийн салбарт чухал байр суурь эзэлдэг ч  одоогоор хүчит доллартой харьцуулахад дутагдалтай талууд  мундахгүй. Алт, “Bitcoin” гэх мэт…

    Евро

    Европын Холбооны дийлэнх орнуудын мөнгөн тэмдэгт болох евро нь олон улсын гүйлгээнд эзлэх жин, гадаад валютын нөөцөд эзлэх хувь, хөрөнгийн зах зээлийн хэмжээ зэргээрээ маргаангүй долларын дараа орох том валют. 

    Хэдий тийм боловч долларын байр суурийг ганхуулъя гэвэл еврод давах ёстой асар их саад буй. Евро бүсийн ихэнх орон АНУ-аас хавьгүй зузаан түүхтэй ч тэдний мөнгөн тэмдэгт нь 30 жил ч хүрэхгүй настай. Мөн энэхүү богино замнал нь заримдаа ихээхэн донсолгоотой байсан юм. Жишээ нь: 2011 онд Европын Холбооны зарим улсын өрийн хэмжээ хяналтаас гарах эрсдэлийн улмаас еврог нэгдсэн мөнгөн тэмдэгт болгох төсөл бараг тэр чигтээ нурах дөхөж байв.

    Итали, Грек зэрэг улс эдийн засгийн цаашдын болзошгүй хямралаас сэргийлж, еврог гүйлгээнээс халах тухай ч яригдаж байлаа. Удаах жилүүдэд нь санхүүгийн дэмжлэг, сэргэлтийн нөлөөгөөр нөхцөл байдал тогтворжсон ч гишүүн улсуудын дотоодын төсвийн бодлоготой Евро бүсийн нэгдсэн мөнгөний бодлого зөрчилдөх асуудлууд байсаар байна.

    Юань

    БНХАУ эдийн засаг, геополитикийн хувьд мэдээж АНУ-ын хамгийн гол өрсөлдөгч болохын сацуу юань хэзээ нэгэн өдөр долларыг халах чадалтай өрсөлдөгч болж магадгүй гэж олон жил яригдаж байна. Бээжин үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ олон улс дахь хэрэглээг дэмжих хэд хэдэн арга хэмжээ авсан ч Засгийн газар нь нэлээдгүй асуудалд яах аргагүй арга мухарддаг.

    Тус улсын эдийн засаг АНУ-аас дөрвөн их наяд ам.доллароор бага,  ялангуяа хөрөнгийн зах зээл нь  АНУ-тай харьцуулахад тун өчүүхэн юм. Зарим улс орон, компаниуд гадаад валютын нөөцдөө юанийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийг хүсэвч хөрөнгө оруулагчдад юаниар хөрөнгө оруулах АНУ-ын Засгийн газрын бондуудтай адил хөрвөх чадвар сайтай хэрэгсэл дутагдана. Тухайлбал: рубль хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй тул долларын хоригт орсон ОХУ-ын компаниуд дотооддоо юаниар нэрлэгдсэн бонд гаргаж эхэлсэн юм. Хэдий тийм боловч БНХАУ юанийн хилийн чанад дахь хөрвөх чадварыг хязгаарласны улмаас тэдгээр компанид шаардлагатай бүх санхүүжилтээ юаниар хангаж чадахгүй асуудал тулгарчээ.

    Мөнгөний гарах урсгалын хэмжээ орох урсгалаас давахаас болгоомжилж хил дамнасан капиталын урсгалд хатуу хяналт тавьдгаараа БНХАУ-ын тогтолцоо нь мөн асуудал болдог байна. Бас дотоодын компаниудын бие даасан байдал сул учир  гадаадын хөрөнгө оруулагчид ч тус улсын Засгийн газраас хараат болно гэсэн үг юм. БНХАУ мөнгөний урсгалыг бүрэн либералчилж, тогтолцоогоо шинэчилдэггүй л юм бол хөрөнгө оруулагчдын юаньд итгэх итгэл бүрэн бэхжиж, нөөцөө бүрдүүлэх гол валют болгоно гэдэг юу л бол.

     Алт уу, “Bitcoin” уу

    Долларын залгамжлагч нь аль нэг улсын мөнгөн тэмдэгт бус, харин "алт" эсвэл “Bitcoin” байна гэж үзэх нь бий. Эдгээр сонголтод мөн л ялгаатай саадууд бий.  Хүмүүс алтыг хэдэн мянганы турш баялгаа нөөцлөх хэрэгсэл болгосоор ирсэн бөгөөд ХХ зууны ихэнх үед дэлхийн мөнгөний системийн салшгүй хэсэг байлаа. Гэсэн ч алтыг үндсэн төлбөрийн хэрэгсэл болгож ашиглах нь санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэлтэй гэдэг нь батлагдаж, улмаар 1930-аад онд мөнгөн дэвсгэртийн үнэ цэнийг алтаар илэрхийлэх стандартыг, 1970-аад онд шинэчилсэн стандартыг нь тус тус халжээ. 

    Харин “Bitcoin” болон криптовалютууд нь санхүүгийн системд харьцангуй залуу байна.  Эдгээр нь нөөц бүрдүүлэх гол валют болоход шаардлагатай тогтвортой байдлыг харуулаагүй, нийтийн хэрэглээнд нэвтрээгүй байгаа учраас дүгнэлт гаргахад эрт хэвээр.

    ТЭГВЭЛ ДОЛЛАРТ АЮУЛ НҮҮРЛЭСЭН ҮҮ?

    Шуудхан хэлэхэд үгүй. АНУ эдийн засгийн хориг арга хэмжээг дайсагнасан улс орнуудыг шийтгэх хэрэгсэл болгон ашиглах болсон нь долларын ноёрхолд таагүй хандах орнуудын тоог тэлж байна. 

    Харин АНУ улс төрийн хувьд хуваагдмал байгаа нь л долларын нөлөөг цаашид сулруулж болох л юм. Гэхдээ “хэлэхэд амархан ч хийхэд хэцүү”-ийн үлгэрээр долларын нөлөөгүй дэлхийг бий болгох талаар их яригдаж байгаа ч ойрын хугацаанд долларын сэнтийг булаах өрсөлдөгч үнэхээр алга. Хэдий тийм боловч нэгэн цагт дэлхийн санхүүгийн тулгуур багана гэж тооцогддог байсан Флоренцын флорин, Голландын гулдер нь өдгөө түүхийн шар хуудаст л  үлдсэнийг мартаж болохгүй.   

    Салеха Мохсин

    Бен Пурвис

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Редактор: batochir.b@bloombergtvmongolia.com

     

    Cэтгэгдэл бичих