
Зургийг: mongoliagrowthgroup.com
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Growth Group” компани өнгөрсөн онд Монгол дахь бизнесээ бүр мөсөн зогсоож, эзэмшдэг үл хөдлөх хөрөнгүүдээ зарснаа мэдээлсэн юм. Хотын төвийн үнэ цэнтэй объектуудыг эзэмшиж, байгууллагын үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлдгээрээ салбартаа том тоглогчдын нэгд тооцогдож байсан тус компани ийнхүү гол бизнесээ орхисон нь Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчинд анхаарал татах үйл явдал байлаа.
Найдлага тасрав
Өнгөрсөн онд тус компани бизнесийн үндсэн чиглэл болох үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа зогсоож, Улаанбаатар дахь төв оффис зэрэг Монголд үлдээд байсан сүүлийн долоон үл хөдлөх хөрөнгөө ойролцоогоор 10.8 сая ам.доллароор зарснаа жилийн тайландаа дурджээ. Тодруулбал: гурван үл хөдлөх хөрөнгийг 471 мянган ам.доллароор шууд борлуулж, 452 мянган ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн бол дөрвөн үл хөдлөх хөрөнгөө охин компаниар дамжуулан есөн сая ам.доллароор зарсан байна.
Харин 2022 онд “Mongolia Growth Group” Монгол дахь таван үл хөдлөх хөрөнгөө 919.6 мянган ам.доллароор буюу 146.5 мянган ам.долларын алдагдалтай борлуулж байжээ. Тухайн онд тус компани Монголд үл хөдлөх хөрөнгийн түрээсээр 799 мянган ам.доллар олсон ч 757 мянган ам.доллароор зарлагатай ажилласан байна.
Хэдийгээр багагүй хугацааны турш урьдчилан бэлтгэж байсан ч Монгол дахь үл хөдлөх хөрөнгүүдээ зарж байгаадаа сэтгэл дундуур байна. Монгол Улсын эдийн засгийн үр өгөөж сэргэх хүртэл ердөө л хангалттай удаан хүлээж чадвал нөхцөл байдлыг эргүүлж болно гэж би үргэлж итгэж байлаа. Гэвч тийм зүйл болсонгүй... Сэргэх цаг ирэх болно, харамсалтай нь хувьцаа эзэмшигчдийн хувиар бид тэр үед байж чадахгүй.
2011 онд анх бизнесээ эхлүүлж байсан “Mongolia Growth Group” сүүлийн хэдэн жил байнга алдагдалтай ажилласан тул Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн бизнесээ эдийн засгийн үр ашиггүй болсон гэж үзэн дээрх хүнд шийдвэрийг гаргаснаа онцолжээ. Хэдийгээр тус компани Монголд цор ганцад тооцогдох байгууллагын үл хөдлөх хөрөнгийн менежментийн платформыг хөгжүүлсэн ч бизнес нь төлөвлөсөн цар хүрээнд хүрээгүй гэж үзсэн байна.
2012 оноос хойш Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, хумих бодлого баримталсны үр дүнд Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал эрс удааширч, хөрөнгө оруулагчид олноороо гарсан, улмаар 2014 оноос эдийн засгийн уналт нүүрлэснийг “Mongolia Growth Group” 2022 оны тайландаа онцолжээ. Улмаар цар тахлын жилүүд залгаж, Монгол Улсын эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт нь биеллээ олоогүйг бичсэн байна.
Татан буулгаж ч магадгүй
“Mongolia Growth Group”-ийн хувьд ийнхүү бизнесийн гол чиглэлээ орхисон ч хувьцааны хөрөнгө оруулалт, санхүүгийн дата шинжилгээний үйлчилгээгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж. Тэр дундаа хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх дата шинжилгээний KEDM хэмээх бүтээгдэхүүнийхээ захиалгаас 2023 онд 3.2 сая ам.долларын орлого олжээ.
Хэдий тийм боловч тус компани цаашид үнэт цаасны арилжааг үндсэн чиглэлээ болгон үйл ажиллагаа явуулахад татварын болон зохицуулалтын хүндрэл учирч байгаа аж. Тодруулбал: хууль тогтоомжийн дагуу нээлттэй компани хэвээр үлдэхийн тулд одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бизнесийн 25 хувийг заавал худалдан авах шаардлага үүсжээ.
Харамсалтай нь компанийн сонирхолд нийцсэн худалдан авалтын таатай боломж гарч ирээгүй бөгөөд хэрэв ойрын ирээдүйд худалдан авалтын хэлцэл хийж чадахгүй бол хувьцаа эзэмшигчдэд дарамт болохгүйн үүднээс компаниа татан буулгах арга хэмжээ авч болзошгүйг “Mongolia Growth Group”-ийн Гүйцэтгэх захирал Харрис Купперман хөрөнгө оруулагчдад бичсэн захидалдаа онцолсон байна.