
Зургийг: Nio Inc.
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Nio” компани дотооддоо илүү боломжийн үнэтэй автомашины брэндээ танилцууллаа.
Энэ нь “Tesla”-ийн борлуулалт буурсан энэ үед “Nio” компани дэлхийн хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тус зах зээлд байр сууриа бэхжүүлэх алхам болж байна.
“Onvo” хэмээх шинэ брэнд нь гэр бүлийн хэрэгцээнд илүүтэй чиглэж байгаа аж. Анхны загвар нь болох дунд оврын SUV ангиллын “l60” автомашин нь "Tesla”-ийн “Model Y”, “Toyota Motor”-ийн “RAV4” загваруудтай шууд өрсөлдөхүйц гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Уилльям Ли онцолжээ.
Шинээр танилцуулсан “l60” загвар нь есдүгээр сараас зах зээлд нийлүүлэгдэх бөгөөд үнэ нь 219 мянган юань буюу 30 мянга гаруй ам.доллароос эхлэх аж. Харьцуулбал “Tesla”-ийн “Model Y” загварын үнэ БНХАУ-д худалдаалагдах үнэ 249 мянган юаниас эхэлж байна.