
Зургийг: David Paul Morris/Bloomberg
АНУ дахь дундаж ажлын өдөр 16 цаг 39 минутад дуусдаг болж, хоёр жилийн өмнөхөөс 42 минутаар эрт болсныг бүтээмжийн шинжилгээний “ActivTrak” компанийн шинэ судалгаа харуулжээ.
Тус судалгаанд АНУ-ын компанийн 200 мянга гаруй ажилтныг хамруулж, ажлын өдрөө хэрхэн өнгөрүүлж байгааг нь хянасан аж. 2022 оны I улиралд дундаж ажилтан өглөөний 08.00 цаг орчимд ажилдаа ирээд 17.30 цагт тарж байсан бол 2024 оны IV улирлын байдлаар 07.49 цагт ирээд 16.30 цаг орчимд тардаг болж өөрчлөгджээ.
Ажлын өдөр үргэлжлэх дундаж хугацаа ийнхүү 51 минутаар богиноссон байгаа ч бүтээмж нь 2022 оныхоос хоёр гаруй хувиар өссөнийг судалгааны дүгнэлтэд онцолсон байна.
Судалгаанаас харахад өөр нэг анхаарал татсан үзүүлэлт нь улирлын шинжтэй хэлбэлзэл байжээ. Ажилтнууд наймдугаар сар болон 12 дугаар сард илүү урт цагаар ажиллах хандлагатай байдаг нь харагдсан байна. Наймдугаар сард амралтаас эргэж ирээд ажлаа эрчимжүүлдэг, мөн зорилтоо гүйцээхийн тулд жилийн эцэст ачаалалтай ажилладаг нь үүнд нөлөөлдөг аж.
"Эдгээр бүгд нь эрүүл тоо. Ажлын өдөр үргэлжлэх уламжлалт хугацаанд бид дасан зохицож, хажуугаар нь ажилтнуудын хүсэл шаардлагад нийцсэн уян хатан байдлыг санал болгодог болсон байна" хэмээн “ActivTrak”-ийн Бүтээмжийн хэлтсийн захирал Габриэла Мауч өгүүлжээ.