
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
АНУ-ын ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн гаалийн татвар тогтоох Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн хэрэгжилт лхагва гарагаас эхэлж, Европын Холбооноос тэр даруй хариу арга хэмжээ зарласнаар дэлхийн "Худалдааны дайн" эгзэгтэй шинэ хуудас руу орлоо.
Мөн Монгол Улсын коксжих нүүрсний цор ганц худалдан авагч БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдэд дээрх шийдвэрийн нөлөөлөл ямар түвшинд байх нь анхаарал татаж байна.
Яадаг тариф вэ?
Металлын шинэ тариф нь АНУ-ын холбоотон, өрсөлдөгчөөс үл хамааран дэлхийн бүх улсыг хамарч буй. Тус улс гангийн импортод анхнаасаа 25 хувийн татвартай байсан ч зарим улсыг, мөн зарим төрлийн бүтээгдэхүүнийг чөлөөлдөг байснаа үүгээр дуусгавар болгож байна. Харин хөнгөн цагааны импортын өмнөх 10 хувийн тарифаа 25 хувь болгон нэмэгдүүлжээ.
Яагаад ган гэж?
БНХАУ дэлхийн үйлдвэрлэлийн хүчирхэг гүрэн болж дэвшсэнээр АНУ-ын ган, хөнгөн цагааны үйлдвэрлэлд түшиглэсэн хотууд уналтад орж, үйлдвэрлэл болон ажлын байр нь үлэмж буурсан юм. Энэ байдлыг зогсоохоор кампанит ажлаараа амлаж байсан Дональд Трамп 2018 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа эдгээр металлд тогтоосон өмнөх тарифыг сэргээж байв. Хэдий тийм боловч Канад, Мексик улс болон Европын Холбоо зэрэг томоохон нийлүүлэгчдийг хожим татвараас чөлөөлсөн юм. Өдгөө АНУ-ын гангийн салбар импортын бараатай өрсөлдөхөд хүндрэлтэй тулгарсаар байна.
Аль улсуудад их нөлөөлөх вэ?
АНУ-ын гангийн нийт хэрэгцээний 17 хувийг импортын бүтээгдэхүүн бүрдүүлдэг болохыг “Morgan Stanley”-ийн дата харуулж байна. Нийт импортын 23 хувь нь Канадаас, 16 хувь нь Бразилаас, 12 хувь нь Мексикээс орж ирдэг аж. Харин АНУ-ын хөнгөн цагааны хэрэгцээний тавны гурав нь импортоос хамааралтай, түүнээс 58 хувийг нь Канад бүрдүүлдэг тул дээрх тарифын шийдвэрээс хамгийн том цохилтыг хойд хөрш нь амсахаар байна.
Ямар хариу үйлдэл ирэв?
БНХАУ, БНСУ, Тайвань, Япон зэрэг Азийн голлох металл үйлдвэрлэгчид хариу арга хэмжээ хараахан зарлаагүй бол Их Британийн зүгээс АНУ-тай “эдийн засгийн өргөн хүрээний хэлэлцээр яаралтай байгуулахад” төвлөрөхөө мэдэгдсэн юм. Харин хамгийн хурц, шийдэмгий хариуг Европын Комисс өгөөд байна. Тодруулбал: Дональд Трампын тарифаас ирэх эдийн засгийн нөлөөлөлтэй дүйцүүлж 26 тэрбум еврогийн дүн бүхий АНУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд хариу тариф тогтоохоо зарлалаа.
Хятад яах вэ?
Өнгөрсөн онд гангийн экспортоо дээд түвшинд хүргэсэн БНХАУ энэ талбарт зөвхөн АНУ-аар тогтохгүй нэлээн хэдэн улстай зөрчилтэй байгаа. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралын уршгаар тус улсын дотоодын гангийн эрэлт унаж, үйлдвэрүүд нь нийлүүлэлтийн илүүдэл, алдагдлаас гарахын тулд экспортоо эрс нэмэгдүүлсэн.
Улмаар БНХАУ-ын гол хоёр худалдан авагч БНСУ болон Вьетнам улс дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд тус улсын ган ороомгийн импортод тариф тогтоосон юм. Тайвань, Тайланд ч БНХАУ-ын импортын ган үнийн шударга өрсөлдөөний журам зөрчсөн эсэхэд шалгалт эхлүүлээд байгаа аж.
АНУ-ын шинэ тариф тогтсоноор нийлүүлэлтийн сүлжээний чиглэл өөрчлөгдөж, БНХАУ-ын хэтэрсэн нийлүүлэлт улам даамжрах вий гэсэн болгоомжлол бусад улсын ган үйлдвэрлэгчдэд үүсэх юм. Түүхий эдийн консалтингийн “CRU Group”-ийн тооцооллоор БНХАУ-ын гангийн экспорт энэ онд 17 хүртэлх хувиар буурах төлөвтэй бөгөөд үүнд улс орнуудын дээрх арга хэмжээ голлон нөлөөлөх аж.
Энэ бүхэн БНХАУ-ын гангийн салбарт илүүдэл үйлдвэрлэлээ арилгах дарамтыг улам нэмж байна. Өнгөрсөн долоо хоногт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын үеэр эрх баригчид ган болон бусад аж үйлдвэрийн салбарын илүүдэл хүчин чадлыг танахаа амласан билээ.