
Зургийг: Energy Resources of Australia
Уран олборлогч Австралийн “Energy Resources of Australia” компанийн нэмэлтээр гаргаж буй хувьцаануудыг “Rio Tinto” компани маш хямдралтай үнээр худалдан авахаар тохиролцоод байна. Үүний дараа “Energy Resources of Australia”-ийн нэгж хувьцааны ханш лхагва гарагийн арилжаагаар 53 хувиар огцом уналаа.
Тус компанийн 86.3 хувийг “Rio Tinto” эзэмшдэг бол үлдсэн хувьцаа нь Австралийн Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагддаг.
Саяхан тус компани уурхайн нөхөн сэргээлтийн санхүүжилт босгох зорилгоор 880 сая австрали долларын хувьцаа нэмж гаргахаар болсноо зарласан юм. Түүнээс хойш 90 гаруй хөрөнгө оруулагчтай холбогдсон боловч хэлцлүүд нь амжилтгүй болж, эцэст нь зөвхөн rio tinto тус компанийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэхээр болоод байна.
“Rio Tinto”-ийн зүгээс компанийн нэмж гаргасан хувьцаа тус бүрийг 0.002 австрали доллароор үнэлж, нийт 760 сая австрали долларын захиалга өгчээ. Энэ нь “Energy Resources of Australia” -ийн хувьцааны таван өдрийн жигнэсэн дундаж үнээс 87.8 хувиар хямд үнэ болж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд мөнгөн хөрөнгийн асуудалд ороод буй тус компани 2024 оны эцэс болон 2025 оны эхээр бэлэн мөнгөний нөөцөө бүрэн дуусгах төлөвтэй байна.