
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын боловсруулаагүй зэс болон зэсийн бүтээгдэхүүний импорт 2024 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 17.8 хувиар өсөж, 559 мянган тонн хүрсэн нь сүүлийн 13 сарын дээд үзүүлэлт боллоо.
Харин 11 дүгээр сартай харьцуулбал импорт нь 5.87 хувиар өссөн нь арилжаалагчид гэрээнд заасан хэмжээгээ гүйцээхээр оны төгсгөлд нийлүүлэлтээ эрчимжүүлсэнтэй холбоотой байна.
2024 оны нийт дүнгээр харвал БНХАУ 5.68 сая тонн боловсруулаагүй зэс импортолсон нь өмнөх оныхоос 3.27 хувиар өндөр үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлж байна.
Зэсийн үнэ өнгөрсөн оны сүүлийн саруудад БНХАУ-ын болон дэлхийн зах зээлд уналттай байлаа. Ам.долларын ханш чангарснаар бусад валютаар арилжаа хийдэг хөрөнгө оруулагчид ам.доллароор үнэлэгдсэн таваар худалдаж авахад өртөг өндөртэй болсон нь зэсийн үнэ унахад нөлөөлжээ.
Монгол Улс 2024 онд нийт 1.7 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь 2023 оныхоос 11.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин БНХАУ-ын зэсийн баяжмалын импорт 2024 онд 2.1 хувиар өсөж, 28.11 сая тонн болжээ.