
Зургийг: С.Батсайхан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. Сүүлийн дөрвөн жилийн эхний улирлын статистик үзүүлэлтээс харахад, 2022, 2023 онд Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагчдын тоо 4.5-4.6 хувиар өсөж байсан бол 2024 оны эхний улиралд 391.819 хүн бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 4 хувиар өсжээ. Харин өндөр настанд олгосон тэтгэвэр сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд хэмжээгээр буюу 34.5 хувиар өссөн байна.
2024 оны I улиралд нийгмийн даатгалын сангийн орлого 1.18 их наяд төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өссөн бол сангийн зарлага 1.12 их наяд төгрөг болж, 24.3 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр Нийгмийн даатгалын сан 53.7 тэрбум төгрөгийн ашигтай гарав.
2024 оноос Нийгмийн даатгалын сангийн шинэчлэгдсэн багц хууль хэрэгжиж эхлээд байгаа. Энэ хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийн 17 хувийн 2 хувийг хуримтлуулахаар тусгасан. Сангийн хуримтлалыг менежментийн компани удирдаж, зохистой нэмэгдүүлж чадвал Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл байх ёстой хэмжээндээ хүрэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийн банкны зөвлөмжид Монгол Улс тэтгэврийн даатгалын тогтолцоонд хийх шинэчлэлийг хойшлуулах тусам төсвийн зардал нэмэгдэх эрсдэлтэй. Мөн тэтгэврийн даатгалын санд шаардлагатай улсын төсвийн татаас хурдацтай өсөж, төсвийн даацаас хэтрэх түвшинд очихоор байна. Улсын төсвийн татаас 2021 онд ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэж байсан бол 2030 онд 6.8 хувь, 2050 он гэхэд 11.3 хувь хүртэл өсөх төлөвтэй байгааг анхааруулжээ.