
Зургийг: Brendon Thorne/Bloomberg
БНХАУ-ын албан тушаалтнууд "ByteDance" компанийн эзэмшдэг “TikTok” платформын АНУ дахь үйл ажиллагааг Илон Маскт худалдах боломжит хувилбарыг судалж буйг ойрын эх сурвалж “Bloomberg”-т мэдээлжээ. АНУ-ын Конгрессын маргаантай шийдвэрээр “TikTok” аппликэйшн тус улсад хориглогдох нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд “ByteDance”-ийн зүгээс АНУ-ын Дээд шүүхэд давж заалдсан ч дээрх шийдвэр хэвээр үлдэх магадлал өндөр байна.
БНХАУ-ын Засгийн газар “ByteDance”-ийн БНХАУ дахь охин компанид "Алтан хувьцаа" эзэмшдэг тул компанийн стратеги, үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой аж. Дональд Трампын засаг захиргаатай хэрхэн харьцаж ажиллах талаар БНХАУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хэлэлцэж буй бөгөөд энэ хүрээнд “TikTok”-той холбоотой төлөвлөгөө боловсруулж эхэлсний нэг хэсэг нь Илон Масктай холбогдож байгааг нэрээ нууцалсан эх сурвалж онцолжээ.
Засгийн газарт яригдсан боломжит хувилбаруудын нэг нь Илон Маскийн “X” платформ “TikTok”-ийн АНУ дахь бизнесийн удирдлагыг авах явдал юм. АНУ-д 170 сая гаруй хэрэглэгчтэй “TikTok” платформ “X”-ийн зар сурталчилгааны бизнест ихээхэн дэм үзүүлэх бололцоотой юм байна.
Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маск Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд 250 сая гаруй ам.долларын дэмжлэг үзүүлсний сацуу шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаа дор Засгийн газрын бүтээмжийг сайжруулах томоохон албан тушаалд очихоор болоод байгаа юм. БНХАУ-ын Засгийн газрын энэхүү яриа хэлэлцээний талаар “ByteDance” компани мэдээлэлтэй эсэх, мөн Илон Маск дээрх асуудлаар “TikTok”, “ByteDance”-тай ярилцсан эсэх нь одоогоор тодорхой бус байна.
“TikTok”-ийн АНУ дахь үйл ажиллагаа 40-50 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэхээр байгааг өнгөрсөн онд “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Мандип Сингх, Дамиан Раймерц нар тооцоолж байв. 2022 онд “Twitter”-ийг 44 тэрбум ам.доллароор худалдан авч байсан Илон Маск тус хэлцэлтэй холбоотой өр зээлүүдийг одоо ч төлсөн хэвээр байгаа юм.