Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Төлбөрийн тэнцэл тавдугаар сард урьдчилсан үзүүлэлтээр 179.5 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан дүн боллоо. Хэдийгээр оны эхнээс төлбөрийн тэнцэл 351.44 сая ам.долларын ашигтай байгаа ч өмнөх оны мөн үеийн түвшнээс 150 орчим сая ам.доллароор буурсан байна.
Үүнд урсгал дансны алдагдал нэмэгдэж, 435 сая ам.доллар хүрсэн нь гол нөлөө үзүүлсэн байна. 2023 оны мөн үед урсгал данс 383.78 сая ам.долларын ашигтай гарч байсантай харьцуулахад 2024 онд хасах түвшинд очсоныг Монголбанк тайлагналаа.
Монгол Улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдсэн ч экспорт импортын зөрүү багасаж, худалдааны алдагдал 1.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Хэдийгээр дотоодод төгрөгийн ханш сүүлийн 8-9 долоо хоногийн турш тогтвортой буюу 3380-3381-ийн хооронд хадгалагдаж буй ч олон улсын зах зээлд гол импортлогч улс орнуудын валют сулраад байгаа юм. Тухайлбал: Японд иений ханш суларсан нь автомашины импортын өсөлт бий болгож буйг тээвэр, логистикийн компаниуд мэдээлж байна. Цаашид гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлд буурвал төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэйг эдийн засагч Н.Энхбаяр анхааруулж байсан юм.
Мөн урсгал дансны гол хэсэг болох үйлчилгээний дансны алдагдал нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тавдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр үйлчилгээний данс 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад, тээвэр болон аяллын үйлчилгээний төлбөрт гарах урсгал давамгайлжээ.
Харин гадаадын хөрөнгө оруулалтын мөнгөн урсгалыг илэрхийлдэг санхүүгийн данс 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 13 дахин нэмэгдсэн дүн болж байна.