logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Геополитикийн ба эдийн засгийн өндөр эрсдэлүүд ирэх онд алтанд найдах шалтгаан болж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 06 11:00
    305

    Зургийг: Kerem Uzel/Bloomberg

    ANZ: Төв банкнуудын алт худалдан авалт ирэх онд өндөр түвшинд хадгалагдахаар байгаа нь биет алтны сул эрэлтийг нөхөх боломжтой

    Дэлхийн байдал тогтворгүй болох тусам алтны үнэ өсөх хандлагатай байдаг. Энэхүү “хоргодох байр”-ын статусынхаа ачаар алтны үнэ саяхан унц нь 2136.39 ам.доллар болж, нэг өдрийн арилжааны түүхэн дээд үзүүлэлтээ эвдээд эргэн буурав.

    ЯАГААД ӨСӨӨД БАЙНА?

    Алтны үнэ аравдугаар сарын эхэн үеэс хойш бараг 16 хувиар өссөний шалтгаан нь эхэндээ Израил-ХАМАС-ын зөрчил байсан бол сүүлийн өдрүүдэд АНУ-ын Холбооны Нөөцийн банк ирэх оны эхээр мөнгөний бодлогоо зөөлрүүлж эхэлнэ гэсэн хүлээлт ихээхэн нөлөөлж байна. Хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сард алтны үнэ унц нь 2074 ам.доллар хүрч, дээд амжилт тогтоосон нь цар тахал эрсдэлгүй хөрөнгө оруулалтын эрэлтийг өсгөсөнтэй холбоотой байв.

    Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл өнгөрсөн долоо хоногт Төв банкны одлогын хүү “эдийн засгийн идэвхийг хязгаарлах хэмжээнд аль хэдийн ороод байна” гэж хэлсэн нь зах зээлд мөнгөний бодлого сулрах дохио болон очиж буй. Бодлогын хүү бага байх нь алтанд ерөнхийдөө эерэг нөлөө үзүүлдэг.

    unnamed.jpg

    ЯАГААД ОДОО АВНА ГЭЖ?

    "Ирэх онд алт найдлага төрүүлж буй нь Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн хүлээлт болон геополитикийн ба эдийн засгийн өндөр эрсдэлүүдээр өдөөгдөж байна" гэж “ANZ”-ийн түүхий эдийн стратегич Сони Кумари үзжээ. “Үүн дээр нэмэгдээд Төв банкнуудын алт худалдан авалт ирэх онд өндөр түвшинд хадгалагдахаар байгаа нь биет алтны сул эрэлтийг нөхөх боломжтой” гэж тэрбээр хэлж байна.

    Алт нь зөвхөн эд баялгийн бэлгэ тэмдэг болоод зогсохгүй Азийн олон оронд соёлын өндөр ач холбогдолтой байдаг. Хувьдаа эзэмшдэг алтны хэмжээгээр энэтхэгчүүд дэлхийд тэргүүлдгээс гадна тус улсад эзэмшихэд хамгийн хялбар, прагматик хөрөнгө оруулалтын хэрэгсэл нь алт байсаар байна.

    МОНГОЛД ЯМАР БОЛОМЖ БАЙНА ВЭ?

    Монгол Улсын хувьд алт олборлогчдоос Монголбанканд, тэндээсээ экспортод гэсэн арилжааны нэг чиглэлийн урсгалтай гэхэд болно. Тэгвэл хөрөнгө оруулагчдын хувьд олон улсад хөрөнгийн болон таваарын зах зээлд алтны хөрөнгө оруулалт хийх хоёр үндсэн боломж бийг “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Ахлах шинжээч Т.Азтүшиг мэдээлсэн юм.

    unnamed (1).jpg

    Нэгдүгээрт банкнуудын нөөцийн удирдлагын газруудаар, мөн зарим үнэт цаасны компаниар дамжуулан алтны спот арилжаанд оролцох боломжтой. Өөр нэг боломж гэвэл гадаад арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниудаар дамжуулан алтаар илэрхийлэгдсэн биржээр арилжаалагддаг санд (ETF) хөрөнгө оруулалт хийж болно. Тухайлбал: “Proshares Ultra Gold ETF”, “SPDR Gold Trust” гэх мэт хөшүүрэгтэй болон хөшүүрэггүй ETF-үүд бий.

    “Алтны хөрөнгө оруулалт нь олон улсын хөрөнгийн зах зээлд найдвартай хөрөнгө оруулалтын төрөлд багтдаг бөгөөд инфляцын хедж, дайн болон тодорхойгүй нөхцөл байдалд хөрөнгөө хамгаалах чухал алтернатив хөрөнгө оруулалтад тооцогддог. Харин нөхцөл байдал харьцангуй хэвийн, тогтвортой үед тийм ч оновчтой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болж чаддаггүй” хэмээн Т.Азтүшиг онцолж байлаа.

    Cэтгэгдэл бичих