logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хятадын “Z” үеийнхэн яагаад алтан ембүү рүү шуурах болов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 19 11:00
    705

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Нэг грамм орчим жинтэй алтан ембүүнүүдийг хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт гэж үзэх залуу хэрэглэгчдийн тоо өссөөр байна

    “Prada”, “Gucci” мартагдах шахаад байна. Сүүлийн 15 жилд байгаагүй гүнзгий дефляц, хөрөнгийн зах зээлийн уналт дунд БНХАУ-ын “Z” үеийнхэн алтан ембүү худалдаж авах болжээ.

    Үнэт эдлэлийн дэлгүүрт шилэн савтай зарагддаг, ширхэг нь нэг грамм орчим жинтэй бяцхан ембүүг өнөөгийн хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт гэж үзэх залуу хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байгаа аж. Түүнчлэн үнийн хувьд харьцангуй хямд буюу грамм тутамдаа 600 орчим юань буюу 83 ам.доллар байгаа нь залууст анхны хөрөнгө оруулалтын таатай сонголт болсон байна.

    “Chow Tai Fook Jewelery Group” компаниас гаргасан 2023 оны БНХАУ-ын үнэт эдлэлийн хэрэглээний трендийн судалгаанд онцолсноор дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсад алтан эдлэл, аксесуарын хэрэглээгээр тэргүүлэгч бүлгүүдийн дунд “Z” үеийнхэн багтжээ.

    "Алт худалдаж аваад алдагдал хүлээнэ гэдэг ерөнхийдөө боломжгүй шүү дээ" хэмээн БНХАУ-ын Фужянь мужид мэдээллийн технологиор суралцдаг нэгдүгээр дамжааны оюутан Тина Хонг өгүүлсэн байна. Тэрбээр нэгдүгээр сараас хойш алтан ембүүнд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд үнэ нь олон улсын алтны ханшаас доогуур хэвээр байвал цаашдаа ч ембүү худалдаж авсаар байхаа илэрхийлжээ.

    Цар тахлын хорио хязгаарлалтууд дууссанаас хойш БНХАУ-ын хувьцааны зах зээл уналтад орж, гол индексүүдийн нэг нь 2018 оноос хойших доод түвшинд хүрсэн юм. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтын хүндрэл тус улсын дундаж давхаргын нуруун дээр ирсний сацуу БНХАУ-ын Төв банк 2021 оны 12 дугаар сараас хойш бодлогын хүүгээ дөрвөн удаа бууруулсан нь хөрөнгийн менежментийн хэрэгслүүдийн өгөөж буурахад нөлөөлжээ.

    Тиймээс залуус "тааламжтай хэрэглээ"-нээс татгалзаж, оронд нь ембүү зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болдог үнэт эдлэлүүд худалдан авах болсныг Лондонд төвтэй "Metals Focus" фирмийн захирал Никос Кавалис онцолж байна.

    Cэтгэгдэл бичих