Зургийг: Paul Yeung/Bloomberg
Гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрснийг Төв банк мэдээллээ. Валютын нөөцийг сарын эхний хагасын байдлаар төдийлөн зарлаад байдаггүй ч энэ удаад нөөцийн хэмжээ “psychological threshold” буюу чухал санагдах босгыг давсан нь нөлөөлсөн ч байж мэднэ.
Уул уурхайд дулдуйдсан, жигд бус өсөлттэй байгаа энэ үед валютын нөөцөө өссөөр буй нь мэдээж эерэг мэдээлэл. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа эн тэргүүнд батлан гаргах шаардлагатай байна хэмээн УИХ-ын дарга хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолж байлаа. Эрх баригчид Ирээдүйн өв санд 2030 он хүртэл гар дүрэхгүй байх амлалтаасаа ухарсан нь Үндэсний баялгийн сан дээр давтагдах уу гэдэг нь анхаарал татаж байна.
Төгрөгт хэрхэн нөлөөлдөг вэ?
2022 онд ам.долларын эсрэг бараг 21 хувиар суларч байсан төгрөгийн ханш хил гаалийн нөхцөл сэргэж, экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор 2023 онд 1.07 хувиар, 2024 он гарсаар мөн адил нэг орчим хувиар чангараад байна. Гадаад валютын нөөцийн хувьд 2022 оны наймдугаар сард доод цэгтээ буюу 2.69 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс бараг 40 хувиар буурч байсан бол ердөө 18 сарын дараа ийнхүү түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.
"Валютын нөөц жигд дээшээ чиглэсэн трендтэй байх нь валютын зах зээлд эерэг нөлөөтэй байдаг ч Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2012 оноос хойш хөрөнгө, хувьцааны үнэ шиг байнга савлагаатай байсаар ирсэн"-ийг “ТиДиБи Секьюритис ҮЦК" онцолж байлаа. Түүнчлэн төсвийн бодлого мөнгөний бодлогыг давж тэлснээр худалдан авалт нэмэгдэж, улмаар ам.долларын эрэлтийг өсгөснөөр гадаад валютын албан нөөцийн валютын ханшид үзүүлэх эерэг нөлөөллийг сулруулна гэсэн үг болохыг анхааруулсан юм.
Хурааж хуримтлуулъя гэсэн ч…
Түүхий эдийн үнийн мөчлөгийг сөрж, ирээдүй үедээ хөрөнгө хуримтлуулахад чиглэсэн Баялгийн сангийн бодлого тавигдсан сууриасаа эхлээд хэрэгжилт хүртлээ асуудалтай тулгарсаар байна. Тухайлбал: 2016 оны хуулиар батлагдаж байсан Баялгийн сан болох Ирээдүйн өв сангийн жил бүр хуримтлал нь нэмэгдэх зарчим, мөн 2030 он хүртэл зарцуулалт хийгдэхгүй байх заалтын аль нь ч хэрэгжээгүй. Тус санд хуримтлагдах орлогыг төсвийн алдагдал нөхөхөд, эсвэл хүүхдийн мөнгө олгоход зарцуулснаар хуримтлал нь арвижаагүй үлдсэн юм.
Баялгийн санг ийнхүү үндсэн чиг үүргээс нь хазайлгаж, тогтворжуулалтын үүрэг гүйцэтгүүлж байгаа тул богино хугацаанд Баялгийн санд хуримтлал үүсгэхийн оронд улсын өрийг бууруулах, төсвийн тогтворжуулалтын санг үр дүнтэй ажиллуулахад голлон анхаарах хэрэгтэйг Дэлхийн банк 2020 оны “Уул уурхай ба оюун ухаан” судалгаандаа дурдаж байжээ.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com