
“Erdene Resources Development” компани “Баянхөндий” алтны төслийн бүтээн байгуулалтад зориулан 2024 оны хоёрдугаар сарын наймны өдөр “Mongolian Mining Corporation”-тай 80 сая ам.доллар хүртэлх төслийн зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулснаа мэдэгдлээ.
Энэхүү зээлийн санхүүжилт нь “Mongolian Mining Corporation”-ийн өмнөх 40 сая ам.долларын хувьцааны хөрөнгө оруулалт дээр нэмэлт болж байгаа аж. Ингэснээр “Баянхөндий” алтны төслийн хөгжүүлэлтэд “Mongolian Mining Corporation”-аас 120 сая хүртэлх ам.долларын санхүүжилт хийхээр байна.
“Erdene Resources Development” болон “Mongolian Mining Corporation” нь “Баянхөндий”, “Алтан нар” ашиглалтын тусгай зөвшөөрөл, “Улаан” хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Эрдэнэ Монгол” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Энэ удаагийн санхүүжилт нь “Mongolian Mining Corporation”-аас хувь эзэмшигчийн зээлийн нөхцөлөөр олгогдохоор байгаа ажээ.
“Баянхөндий” төслийн бүтээн байгуулалтад хувь эзэмшигчийн зээл хэлбэрээр 50 сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ. Энэ санхүүжилт нь таван үе шаттай, нэг удаагийн санхүүжилт нь таван сая ам.доллароос багагүй байх юм.
Зээлийн нөхцөлийн хувьд хугацаа нь олгогдсон өдрөөс эхлэн таван жилийн хугацаатай, 13.8 хувийн хүүтэй, улирал бүр төлөх төлбөрийн нөхцөлтэй. “Эрдэнэ Монгол” нь хүү төлөлтийн эхний дөрвөн хүүгийн төлбөрийг капиталжуулах боломжтой бол зээлийг хугацаа дуусахад бүрэн төлсөн байх нөхцөлтэй аж.
Үлдсэн 30 сая ам.долларыг зээлийн адил нөхцөлтэйгөөр “Mongolian Mining Corporation” олгох боломжтой ч “Эрдэнэ Монгол” компани Монгол Улсын арилжааны банкнуудаас 30 сая ам.доллар хүртэл санхүүжилт татах боломжуудыг давхар судалж байгаа юм байна.