Зургийг: Brent Lewin/Bloomberg
Монгол Улс энэ онд нийт 75 сая тонн нүүрс экспортолж, өмнөх оны дээд үзүүлэлтээ шинэчлэх төсөөллийг Сангийн яам гаргаад байна. Тэгвэл Монголын угаасан коксжих нүүрсний хамгийн том экспортлогч “Mongolian Mining Corporation” 2024 оны эхний хагаст ямар үзүүлэлттэй ажилласныг харцгаая.
Ашиг ялимгүй буурав
Оны эхний хагаст тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүд ерөнхийдөө тогтвортой, өмнөх оны сайн үзүүлэлтүүдээ хадгалсан гэж болохоор байна. Тайлант хугацаанд “Mongolian Mining Corporation” нийт 541.1 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин цэвэр ашиг нь 133 сая ам.доллар болж, өмнөх оныхоос 3.6 сая ам.доллароор буурсан байна.
Мөн нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ нь өмнөх оны мөн үед 0.1311 ам.доллар байснаасаа 0.1205 ам.доллар болж буурчээ.
“Mongolian Mining Corporation” нь Өмнөговь аймаг дахь “Ухаа худаг”, “Баруун наран” уурхайнуудыг эзэмшиж, олборлолт хийхийн сацуу бүтээгдэхүүнийхээ боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалт, маркетингийг өөрсдөө хийдэг бүрэн интеграцлагдсан үйл ажиллагаатай гэдгээрээ онцлог. Оны эхний хагас жилд тус компани 8.4 сая тонн түүхий нүүрс олборлож, 4.7 сая тонн нүүрс боловсруулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс аль аль нь 0.4 хувиар өссөн дүн болж байна.
Хэлцлүүд ба эрсдэл
Худалдан авалт, арилжааны үйл ажиллагааны хувьд “Mongolian Mining Corporation” эхний хагаст хоёр томоохон хэлцэл хийсэн.
“Mongolian Mining Corporation”-ийн уурхайнуудын насжилт харьцангуй залуу, бүтээгдэхүүний үнийн хувьд өрсөлдөх чадвартайгаас гадна хөрөнгийн хөрвөх чадвар, зээлийн хөшүүрэг нь сайн байгааг үнэлгээний “Moody’s” агентлаг хэдхэн хоногийн өмнө тус компанийн зээлжих зэрэглэлийг “B3” түвшинд хэвээр хадгалахдаа онцолж байлаа. Мөн коксжих нүүрсний үнэ доогуур байгаагаас шалтгаалан “Mongolian Mining Corporation”-ийн орлого 2024 онд 10 орчим хувиар буурна гэсэн төсөөлөл гаргасан юм.
Харин тус компанийн хэт төвлөрсөн үйл ажиллагаа, хөгжиж буй зах зээлд тулгардаг эрсдэл, нүүрстөрөгчийн бага ялгарлын шилжилтийн эрсдэлүүдэд өртөмтгий байдал нь зээлжих зэрэглэлийг нь ахиулахад саад болж буйг дурдаж байв.