
Зургийг: С.Батсайхан
Сүүлийн гурван жилийн байдлаар олон нийтэд нээлттэй Хувьцаат компани болсон 13 компаниас 10 нь энэ онд нийт 457.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт тараахаар шийдвэрлэснийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
Хамгийн өндөр дүнтэй ногдол ашгийг банкны салбар олгож байна. Тухайлбал: сүүлийн байдлаар Худалдаа хөгжлийн банк нэгж хувьцаанд 1033 төгрөг ногдуулахаа тодорхой болгож нийт 52.2 тэрбум төгрөгийн хуваарилахаар шийдвэрлэсэн юм.
Харин ХААН банк 271 тэрбум төгрөгийг хуваарилах шийдвэр гаргаад байна. Энэ нь өмнө нь нийлбэр дүнгээр хамгийн их дүнтэйг олгож байсан “Тавантолгой” компанийн энэ оны ногдол ашгийн дүнгээс гурван хувиар өндөр дүн боллоо.
Ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор ногдол ашгаа хуваарилж дуусгах үүрэгтэйг Санхүүгийн зохицуулах хороо тодотгож байна. Учир нь үарим компани ногдол ашиг олгохдоо ҮЦТХТ-өөр дамжуулахгүйгээр компани дээрээ тараах асуудлууд их байсан бөгөөд үүний улмаас хувьцаа эзэмшигч тухайн компаниас очиж ногдол ашгаа авах, зарим тохиолдолд мэдээлэл аваагүйгээс огт аваагүй зэрэг эрх ашиг нь хөндөгдөж байжээ.
Үүнээс гадна Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чухал заалт тусгаад байна. Асуудал, гомдолтой жижиг хөрөнгө оруулагчдын тоо нэг хувьд хүрвэл нэгдэн шүүхэд гомдол гаргах эрх нээгдэхээр байгаа нь онцлог болж байгаа юм.