logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Эхний ээлжид зэсийн баяжмалын 10 хувийг биржээр арилжаална
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 19 08:40
    857

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Энэ оны эцэс гэхэд зэсийн үнэ нэг тонн нь 10,000 ам.доллар давж өснө гэж “Goldman Sachs” тооцоолж байна

    Холбогдох журам батлагдмагц зэсийн баяжмалыг биржээр арилжиж эхлэхээр байгааг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээллээ.

    Энэ оны төсөвт 1.5 сая тонн зэсийг тонн тутамд 9000 ам.доллароор арилжихаар тусгасан бөгөөд УУХҮЯ 2025 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу Толгой”-ийн зэсийн баяжмалын 30-40 хувийг биржээр арилжих зорилт тавиад байгаа юм. Эхний ээлжид Монгол Улсын үйлдвэрлэж, экспортолж буй зэсийн баяжмалын 10 хувийг биржээр арилжаалах бодлого баримталж байгаа бөгөөд УУХҮЯ  бэлтгэл ажлуудыг хангаж байна.

    Монгол Улс 56.5 сая тонн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргажээ. Цаашид “Оюутолгой” төслийн далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, Цагаан суваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 оноос 1.9 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх боломж бүрдэхээр байгаа юм.

    Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зааснаар Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд экспортын бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалах үүрэг хүлээж, нүүрс, төмрийн хүдэр, баяжмалыг биржээр арилжаалах ажлыг үе шаттайгаар эхлүүлснээс хойш 2023 оны жилийн эцсийн байдлаар 14.9 сая тонн нүүрс, 604.8 мянган тонн төмрийн баяжмал арилжиж, нийт 2.2 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийжээ. Мөн биржийн үнийн өсөлтөөс хамаарч 155.3 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 

    Хэдий тийм боловч зэс арилжихад Төрийн өмчийн оролцоотой компаниуд багадаа 5-10 хувиа биржээр заавал худалдаалах ёстой гэдэг шаардлага дээр цаг хугацааны хувьд илүү уян хатан хандах хэрэгтэй гэж үзэж байна.

    "Бизнесийн байгууллагууд олон жилээр бүтээгдэхүүнээ борлуулах гэрээ байгуулж, харилцагчдынхаа өмнө үүрэг хүлээсэн байдгийг харгалзаж үзэх хэрэгтэй" гэж “AmCham Mongolia”-ийн Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс онцолж байлаа.

    Үүнээс гадна сүүлийн мэдээллээр зэсийн үнэ сүүлийн нэг жилийн дээд түвшнээсээ эргэн буураад байна. Хөрөнгө оруулагчдын хувьд металлын хэрэглээгээр тэргүүлдэг БНХАУ-ын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын эерэг үзүүлэлтүүд болоод тус улсад нөөц өсөж буй зэрэг хүчин зүйлүүдэд анхаарч буй юм.

    “Goldman Sachs” зэсийн үнийн талаар өөдрөг төсөөллөө хадгалж байгаа бөгөөд оны эцэс гэхэд нэг тонн нь 10 мянган ам.доллар давж өснө гэж тооцоолжээ. Харин “Jinrui Futures”-ийн тооцоолж буйгаар зэсийн үнэ энэ оны II улиралд унах магадлалтай байгаа аж. 

    Өнөөдрийн байдлаар Лондоны Металлын биржид зэсийн үнэ тонн нь 9164 ам.доллар болж, сүүлийн 11 сарын дээд түвшинд хүрлээ. БНХАУ-ын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд харьцангуй сайн гарсан нь зэсийн үнэд дэмжлэг болж байна гэж шинжээчид үзэж байна. 

     

    Cэтгэгдэл бичих