
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” болон “Honda Motor” компаниуд нэгдэн нийлэх хэлцлээ зогсоож магадгүй болсныг “Nikkei” агентлаг мэдээллээ. Өмнөх тохиролцоогоор “Honda” компани “Nissan”-д амин чухал дэмжлэг үзүүлж, хоёр брэндээ нэгтгэсэн шинэ холдинг компанийг 2026 оны наймдугаар сард бүртгүүлэхээр төлөвлөөд байсан юм. Ингэснээр дотооддоо “Toyota Motor”-той өрсөлдөх, мөн “BYD” зэрэг БНХАУ-ын шинэ тоглогчдыг сөрөх хүчирхэг компани бий болох байлаа.
Хэлцлийг санаачилсан “Honda”-ийн зүгээс “Nissan”-д бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тавьсан боловч үйлдвэрүүдийнхээ ажиллах хүчийг танахад бэрх байгааг “Nissan Motor” илэрхийлжээ. Улмаар хоёр талын санал зөрөлдөөн хурцдаж, “Nissan” хэлцлээс гарахаар шийдсэнийг мэдээлсэн байна. Дээрх мэдээллийн дараа “Nissan”-ийн хувьцааны ханш 4.9 хувиар унасан бол “Honda”-ийнх 8.2 хувиар өсжээ.
“Honda Motor”-ийн өнгөрсөн оны борлуулалт 4.6 хувиар агшиж, 3.8 сая нэгж болсон бол үйлдвэрлэл нь 11 хувиар унаж, 3.7 сая болсныг саяхан тайлагнасан юм. Харин “Nissan Motor” 3.3 сая нэгж автомашин борлуулсан нь 0.8 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.
Ийнхүү зах зээлд эзлэх хувиа алдсан нь хоёр компани хүчээ нэгтгэх хэрэгцээг улам бэхжүүллээ гэж шинжээчид үзэж байв.