Зургийг: sk.kz
Улсынхаа хамгийн үнэ цэнтэй хөрөнгүүдийг удирддаг гэдэг утгаараа “Самрук-Казына” Үндэсний Баялгийн сан нь Төв Азийн хамгийн том эдийн засагтай Казахстан улсын тогтвортой байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус сангийн үйл ажиллагаа, удирдаж буй хөрөнгийн хэмжээ болоод улсынхаа эдийн засагт өгөөжөө хэрхэн өгч байгааг товчхон харцгаая.
“Топ 30”-д багтах сан
Дотоодын эдийн засгийн өрсөлдөөн, тогтвортой байдлыг сайжруулж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн нөлөөг бууруулах тогтворжуулалтын сан хэлбэрээр 2008 онд байгуулагдаж байсан “Самрук-Казына” сангийн удирддаг хөрөнгийн хэмжээ 2023 оны байдлаар 71 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь дэлхийн бүхий л Баялгийн сангуудаас 23 дугаарт бичигдэх дүн болохыг “SWF Global”-ийн сүүлийн тайлангаас харж болохоор байна.
Бүтэц, үйл ажиллагааны хувьд “Самрук-Казына” нь Казахстаны стратегийн чухал ач холбогдолтой компаниудын хувьцааны багцыг эзэмших бөгөөд сангийн цорын ганц хувьцаа эзэмшигчийн хувьд Казахстаны Төр стратегийн шийдвэрүүдэд нь хяналт тавьж, өр, ногдол ашиг, хөрөнгө оруулалтын үндсэн бодлогыг тодорхойлж, долоон хүний бүрэлдэхүүнтэй Төлөөлөн Удирдах Зөвлөл болон Гүйцэтгэх захирлыг нь томилдог аж.
"Самрук-Казына" сан нь бондын зах зээлийн чухал оролцогчдын нэг бөгөөд хувьцаа эзэмшдэг голлох компаниуд нь олон улсын зах зээлд тогтмол бонд гаргаж, зээлдэгчийн хувиар ерөнхийдөө Засгийн газрын статусаар үнэлэгддэг байна.
Мөн Казахстан улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр сангийн хувьцааг арилжаалах, барьцаалах, хураан авах нь хориотой байдаг. Мөн Төрийн зохицуулалтын дэмжлэгийн ачаар “Самрук-Казына”-ийн санхүүгийн чадавх өндөрт тооцогдох бөгөөд Казахстаны Төрийн өмчит гол компаниудын менежерийн хувьд хүртэх ногдол ашгийн урсгал нь тогтмол гэж “Fitch Ratings” дүгнэжээ.
Өгөөж нь ингэж ирдэг
Санд хуримтлагдсан хөрөнгөөс зарцуулсан сүүлийн жишээ гэвэл тус улсад өдгөө нүүрлээд буй томоохон үерийн гамшгийн хохирлыг бууруулахад 15 тэрбум тэнгэ буюу 33 сая ам.долларын санхүүжилт хуваарилахаар болсон байна. ОХУ, Казахстаны хиллэдэг бүс нутагт сүүлийн 70 жил тохиогоогүй их хэмжээний үер болж, 100 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байгаа энэ үед дээрх санхүүжилтийг тус сангийн хандивын үйл ажиллагааг явуулдаг “Samruk-Kazyna Trust”-аар дамжуулан олгох аж.
Мөн тус улсын Парламентын шийдвэрээр энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн “Самрук-Казына” жил бүрийн хөрөнгө оруулалтын орлогынхоо 50 хувийг хүүхдийн тусгай хадгаламжийн дансанд байршуулж эхэлжээ. Хүүхэд бүр 18 нас хүртэл хийгдэх энэхүү хуримтлал нь ирээдүйд тэдний орон сууц худалдан авах чадавхыг дэмжих зорилготой аж.
Сүүлд Казахстан улсын эдийн засаг дахь Төрийн үүрэг оролцоог багасгах өргөн хүрээний стратегийн хүрээнд “Самрук-Казына”-ийн эзэмшилд байдаг бүх компани энэ оноос эхлэн хувьцаагаа нээлттэй арилжаалахаар болсныг өмнө нь мэдээлж байв.
Харин Монголд?
Уул уурхайн салбарын өсөлт, уналтаас өндөр хамааралтай Монгол Улс гадаад “шок”-т эмзэг хэвээр байгааг “Fitch Ratings” зэрэг олон улсын байгууллагууд сануулж буй. Мөн өрийн дарамтаа эхлээд бууруулахын оронд олон улсын Баялгийн сангийн сайн жишигт нийцэхгүй сан байгуулах нь хэр оновчтой вэ гэдэг асуудал ч хөндөгдөж байна.
Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийг батлах асуудал 2020 оноос хойш нэлээд яригдсан. Байгалийн баялгийг иргэдэд хүртээх, өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Ирээдүйн өв сангийн тухай хууль уг нь байгаа. Энэ хууль 2016 онд батлагдсан. Хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт хийх, корпорац байгуулах гэх мэт заалтууд нь байгаа л даа.
Өргөн баригдсан Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд Ирээдүйн өв сан дээр Хуримтлалын сан, Хөгжлийн сан гээд нэмж хоёр сан байгуулахаар тусгагдсан. Мөн сангийн менежмент нь санхүү төсвийн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр нийгмийн хамгаалал, хөгжлийн бодлого хариуцсан Төрийн захиргааны байгууллагууд шууд удирдлагыг нь хангана гэж заасан байна. Тэгэхээр энэ нь олон улсын Баялгийн сангийн сайн жишигт төдийлөн нийцэхгүй байгаа юм.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com