Зургийг: Raul Ariano/Bloomberg
Энэ оны II улиралд банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл нийт нэг их наяд төгрөг давсныг Монголбанк мэдээллээ. Тайлант хугацаанд эрчим хүчний хэмнэлтийн чиглэлд хамгийн өндөр дүнтэй буюу 650.9 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс эрчим хүчний хэмнэлттэй барилга болон одоо байгаа үйлдвэрлэлийн байгууламжуудын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд олгосон зээл дийлэнх хувийг эзэлж байна.
Банкнуудын II улиралд олгосон ногоон зээл нийт зээлийнх нь 3.2 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 68 хувиар өссөн үзүүлэлт болов.
2024 оны эхний хагас жилийн байдлаар Худалдаа Хөгжлийн банк л гэхэд 67.6 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосон нь нийт зээлийнх нь нэг хувийг бүрдүүлж байгааг тайлагналаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Ногоон зээлийн үлдэгдлийн 81.4 хувийг бизнесийн зээл, үлдсэнийг нь иргэдийн зээл эзэлж байгаа аж. Тодруулбал: эрчим хүч хэмнэлтэд нийт зээлийн 50.3 хувийг олгосон бол нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдан авах зэрэг карбон бага тээврийн чиглэлд 21.6 хувийг нь олгожээ.
Худалдаа Хөгжлийн банк цаашид ногоон зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлж, гадаадын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ногоон зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр зорьж байгаагаа тайландаа дурджээ.
Харин чанаргүй зээлийн үзүүлэлтийг харвал тогтвортой ус, хаягдлын хэрэглээнд олгосон зээл хамгийн өндөр буюу 6.5 хувийг эзэлж байна.
Монгол Улс тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн хүрээнд 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилт тавиад байгаа юм.
“Төв банкнуудын хувьд тогтвортой санхүүжилтийг дэмжихэд орон нутгийн уур амьсгалын бодлого болон стандарт, зааврыг хянах санхүүгийн хяналтын байгууллага дутагдалтай. Мөн үйлдвэрүүдэд уур амьсгалын эрсдэлийн талаарх мэдлэг ойлголт дутмаг зэрэг сорилт тулгарч буй”-г Азийн Хөгжлийн банкны Ахлах эзийн засагч Альберт Парк илтгэлдээ онцолж байв.