logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНХАУ-ын $10 мянгын үнэтэй "EV" Европын үйлдвэрлэгчдийг сорих төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 27 16:44
    5997

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын "BYD" компани “Seagull” загвараа ирэх оноос Европт худалдаалах төлөвлөгөөтэй байгаагаа зарлаад байна

    БНХАУ-ын хямд үнэтэй цахилгаан автомашинууд Европын орнуудад хэдийн нийлүүлэгдэж эхэлсэн нь бүс нутгийн томоохон авто үйлдвэрлэгчдэд цохилт болж байна. Өнгөрсөн оны эцсээр “Tesla” компанийг гүйцэж, цахилгаан автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсэн “BYD” компани өрсөлдөөнийг дахин шинэ шатанд гаргахаар зэхэж буй. 

    БНХАУ-ын тус компани “hatchback” ангиллын “Seagull” загвараа ирэх оноос Европт худалдаалах төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрсөн сард зарласан юм. Мэдрэгчтэй, эргэдэг дэлгэц, гар утасны утасгүй цэнэглэгч зэрэг өндөр зэрэглэлийн автомашинд байдаг функцүүдээр тоноглогдсон тус автомашин БНХАУ-д 10 мянган ам.доллар хүрэхгүй үнээр зарагддаг. Гаалийн тариф, Европын стандартад нийцүүлсэн өөрчлөлтүүдийн дараа ч “BYD” компанийн удирдлагууд “Seagull” загвараа хилийн чанадад 21 мянга 500 хүрэхгүй ам.доллароор борлуулах хүлээлттэй байгаа аж. 

    Энэ нь цахилгаан автомашины шилжилтэд төвлөрч буй “Stellantis”, “Renault” зэрэг компаниудын цахилгаан автомашинаас хэдэн мянган ам.доллароор хямд үнэ юм. Дотоод шаталтад хөдөлгүүрийн дараах эринд зах зээлд давамгайлахаар тэмүүлж буй Европын автомашин үйлдвэрлэгчдийн хувьд “BYD”-ийн тус автомашин ихээхэн сорилт болохоор байна. Төрийн татаастай авто үйлдвэрлэгчдийн эсрэг Европын Холбооны хяналт шалгалт ч дээрх сорилтыг үгүй хийж чадахгүй бололтой. 

    “Бид энэхүү загвар болон БНХАУ-ын бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн загваруудыг анхааралтай ажиглаж байна. Мэдээж хэрэг, зах зээлд шинэ өрсөлдөөн бий болох нь бидэнд түгшүүртэй хэрэг” хэмээн “Ford” компанийн Европ дахь цахилгаан автомашины бизнесийг хариуцсан Мартин Сандер өгүүлж байсан юм. 

    “BYD” компанийн “Seagull” загвартаа өндөр чанар, хийцлэл, технологийг хямд үнэд багтааж чадсан нь ихээхэн магтаал, талархал хүлээгээд байна. Хэдий тийм боловч үүгээр зогсохгүй тус компани 25 мянган еврогийн үнэтэй, илүү дээд зэрэглэлийн шинэ цахилгаан автомашины загвараа танилцуулахаар төлөвлөж буйг компанийн Европ дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Майкл Шү энэ сард Лондонд болсон салбарын өдөрлөгийн үеэр онцолж байлаа. “BYD”-ийн тус тивд барихаар төлөвлөж буй хоёр үйлдвэр нь Европын Холбооноос үйл ажиллагааг нь хязгаарлах зорилгоор тогтоож болзошгүй аливаа татварын нөлөөг ч сулруулахаар байгаа юм. 

    “Seagull” загвар олон улсад хэдийн амжилттай борлуулагдаж байна. Мексик улсад тус загвар “Мини дельфин” хочтой болсон бөгөөд хэдийгээр тус улсын цэнэглэх станцын дэд бүтэц алаг цоог байгаа ч жолооч нар нь 20 мянган ам.доллар хүрэхгүй үнээр “Seagull”-ийг авахаар хошуурсан хэвээр аж.

    Cэтгэгдэл бичих