Зургийг: Nicole Tung/Bloomberg
“Euromonitor International”-ийн явуулсан судалгаагаар 2023 онд Турк улсын Станбул хотод 20.2 сая жуулчин зочилж, дэлхийн хамгийн олон жуулчин хүлээн авсан хотоор шалгарчээ.
Өөрөөр хэлбэл Туркийн хамгийн том хот болох Станбулыг зорьсон жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар өссөн байна. Мөн энэ онд ч тус хотыг зорих жуулчдын тоо улам нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Турк улс саяхнаас АНУ, Канадын жуулчдад тавих визийн шаардлагаа сулруулсан нь тус улсыг зорих жуулчдын тоо өсөхөд нөлөөлжээ.
Үүнээс гадна Туркийн агаарын тээврийн “Turkish Airlines”-ийн нислэгээр дотоодын 50 чиглэл, олон улсын 250 чиглэлд 123 улс руу нислэг үйлддэг. Турк улс харьцангуй дэлхийн төвд байрлалтай учир бараг хаашаа ч нисэх боломжтой байдаг аж.
Станбул хотыг Босфорын хоолойгоор тусгаарладаг тул Европ, Ази хоёр тивийг дамнан байрладаг. Турк улсын газар нутгийн 95 хувь нь Азид, харин таван хувь нь Европт байдаг.
Европын Холбооны хамгийн залуу хүн амтай Турк улс нь Ази, Европын онцлогийг хослуулан шингээсэн түүх соёлын дурсгалт газруудаараа алдартай. Тус улсын хүн амын дундаж нас 31 орчим байдаг бөгөөд хүн амынх нь есөн хувь нь л 60-аас дээш насныхан байдаг.