logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    ДНБ-ий өсөлт оны I хагаст өмнөх оны түвшнээс үл ялиг саарч, 5.6 хувь болов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 16 16:00
    250

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    Улирлын нөлөөллийг арилган тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн II улиралд өмнөх улирлаас 1.5 хувиар өсжээ

    2024 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн 37.4 их наяд төгрөг болж, 5.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Улирлын нөлөөллийг арилган тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн II улиралд өмнөх улирлаас 1.5 хувиар өссөн байна. 2023 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 6.7 хувиар, 2022 оны мөн үед хоёр хувиар өсөж байсан юм.

    5.6 хувийн өсөлтийн дийлэнх буюу 4.4 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2.3 хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн бол мал аж ахуйн салбарт нүүрлэсэн зудын улмаас хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 3.9 хувиар агшсан байна.

    Мөн уул уурхай, олборлолтын салбар дотоодын нийт бүтээгдэхүүн тэлэхэд 1.8 нэгж хувийг бүрдүүлсэн ч 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээс доогуур байлаа. Барилгын салбарын хувьд өмнөх онд өсөлтөд нөлөөгүй байсан бол 2024 онд 0.3 нэгж хувийн нөлөө үзүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Эцсийн ашиглалтын аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээс харахад 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон 5.7 хувийн өсөлтөөс 21.5 нэгж хувь нь буюу 15 их наяд төгрөг нь эцсийн хэрэглээнд, хөрөнгийн нийт хуримтлал 6.2 нэгж хувийг бүрдүүлжээ.

    Монголбанк 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүлээд байгаа бөгөөд үүнд нүүрсний экспорт сайжирсан, орон сууцны санхүүжилт нэмэгдэхээр батлагдсан, өрхийн хэрэглээ тэлж, дотоод эрэлт сайжрах боломжтой зэрэг үндэслэлүүдийг авч үзсэн болохоо  мэдээлж байгаа юм.

    Харин зудын нөхцөл байдал тооцоолсноос хүндэрч, хөдөө аж ахуйн салбарын өсөлт өмнөх төсөөллөөс буурах, боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөхөөс саарахаар хүлээгдэж байгааг дурдаж байв.

    Cэтгэгдэл бичих