logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ Өмнөд Солонгосын замыг дагаж чадвал Японы “алдагдсан он жилүүд”-ийг давтахаас аврагдана
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 20 10:01
    492

    Andy Liu/Shutterstock

    Улс даяар ужгирсан орон сууцны үнийн уналтыг зогсоохоор Бээжин аргаа барж буй энэ үед эдийн засагчид тус улсын нөхцөл байдлыг Японтой харьцуулах боллоо.

    Алдагдсан он жилүүд

    БНХАУ-ын бизнесүүд, өрхүүдэд олгогдсон банкны зээл сүүлийн 20-иод жилд анх удаагаа агшсан, үүний өмнө жижиглэн худалдааны борлуулалт хэдэн сар дараалан сул гарсан зэрэг сүүлийн тоон мэдээллээс харвал Хятад улсад Япон маягийн “тайлан тэнцлийн хямрал” явагдаж буй нь батлагдаж байна.

    Азийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд ижил төстэй үзэгдлүүд үүгээр хязгаарлагдахгүй нь санаа зовоом. Хятадын үнийн ерөнхий индекс таван улирал дараалан бууралттай буюу дефляцтай гарсан нь 1990-ээд оноос хойш хамгийн удаан үргэлжилсэн тохиолдол болжээ. Мөн Эх газрын Хятад, Хонконгийн биржид арилжаалагддаг хувьцаануудын үнэлгээ сүүлийн гурван жилд 5 их наяд ам.доллароор буураад байна. 1990-ээд оны эхээр Японы үл хөдлөхийн зах зээлийн хөөс хагарсны дараа хөрөнгийн үнэ унаж, эдийн засгийн өсөлт бараг зогсонги байдалд орсон “алдагдсан он жилүүд” залгасан түүхтэй.

    tigerss.jpg

    Гэхдээ энэхүү “Японжилт”-ийг үгүйсгэх нэг том зүйл бий. БНХАУ-ын нэг хүнд ногдох ДНБ болон хотжилтын түвшин 1990-ээд оны Японы түвшинд хүрэх яагаа ч үгүй, өөрөөр хэлбэл Япон хөгжингүй орон, харин Хятад хөгжиж буй орон хэвээр. Тиймээс мянган солигдох үед Азийн санхүүгийн хямралтай нүүр тулж, хямралаас өмнөхөөсөө илүү хүчирхэгжин гарч ирсэн БНСУ-тай одоогийн Хятадыг адилтгаж болох юм.

    "90-ээд оны Япон бол дунд эргэм насны хүн шиг байсан. Харин 1998 оны Өмнөд Солонгос, өнөөгийн Хятадыг өсвөр насаа өнгөрөөсөн ч цэл залуу хэвээрээ, дахиад хэдэн см өсөж илүү хүчтэй болох боломжтой залуустай зүйрлэж болно. Энэ бол хамгийн том ялгаа" хэмээн БНХАУ-ын SDIC Securities компанийн шинжээч Шу Жяпэй хэлжээ.

    БНСУ-ын сайн жишээ

    БНХАУ-ын эрх баригчдад өдгөө хамгийн том дарамт болж буй сорилт бол эдийн засгийг хойш чангааж буй орон сууцны зах зээлийн уналтын нөлөөг багасгаж чадах өсөлтийн хөдөлгөгч хүч олох явдал. Яг л энэ асуудалд Өмнөд Солонгос замын зураглал нь болж чадахаар байна. Олон арван жилийн үсрэнгүй өсөлт дууссаны дараа БНСУ-ын “хямралын дараах” удирдагчид бодлогын чиглэлээ өөрчилсөн юм.

    Санхүүгийн фронтод тэд төлбөрийн чадваргүй болсон бизнесүүдэд бүтцийн өөрчлөлт хийж, болзошгүй дампуурлаас сэргийлэхийн тулд компанийн засаглалыг сайжруулжээ. Эсрэгээрээ Япон “зомби” компаниудаа ямар ч байсан хөл дээр нь тогтоохыг илүүд үзсэнээр бүтээмж, өсөлтийн тал дээр томоохон хохирол амсаж байв.

    kore.jpg

    Түүнчлэн Өмнөд Солонгосын эрх баригчид үйлчилгээний салбараа сайжруулж, мэдлэгт суурилсан аж үйлдвэрлэл босгохоор зориг шулууджээ. Хариуд нь үйлдвэрлэгчид өндөр технологийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү шилжиж, экспортоо үлэмж нэмэгдүүлсэн байна. Япон ч гэсэн ижил арга хэмжээ оролдож үзсэн ч үр дүн нь дээрхтэй адил байгаагүй. Өдгөө БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин шинжлэх ухаан, технологийн инновацыг тус улсын эдийн засгийн шилжилтийг хөтлөх “шинэ хүч” хэмээн тунхаглаад буй.

    S&P Global-ийн Ахлах эдийн засагч Луис Куис хямралын дараах БНСУ болон өнөөгийн БНХАУ хоорондын ижил төстэй шинж тэмдгүүдийг тодотгосон ч Хятадын хувьд анхаарах ёстой хоёр том ялгаа байгааг онцолжээ. БНХАУ-ын эдийн засагт төрийн оролцоо өндөр, мөн аль хэдийн экспортын хүчирхэг гүрэн болсон Хятад өдгөө АНУ, Европын эсэргүүцэл, хориг хязгаарлалттай улам ихээр нүүр тулж байна.

    Нийтлэлийг: Malcolm Scott, Yujing Liu (Bloomberg News)

    Cэтгэгдэл бичих