Зургийг: www.parliament.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс 2024 онд баримтлах мөнгөний бодлогын чиглэлийн тогтоолын төслийг баталлаа.
Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэмж оруулсан байна. Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангахад зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх, зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэгш, хүртээмжтэй байлгахаар тусгажээ. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хувьд 2023 онд ойролцоогоор 620 тэрбум төгрөг, 2024 онд мөн ойролцоо хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ гэж Монголбанк мэдээлсэн юм.
Мөнгөний бодлогын онцлог заалтаас харахад 2024 онд банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхээр тусгасан байна.
Инфляцын хувьд тогтворжуулах замаар тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Энэ хүрээнд дунд хугацаанд инфляцыг 6 +-2 нэгж хувийн интервалд байлгах зорилтыг тусгаад байгаа аж.
Хэдий тийм боловч “Энэхүү зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, Төв банкны хараат бус байдал, төсвийн сахилга бат зэрэг ихээхэн нөлөөтэй. 2024 оны төсөв таван их наяд гаруй төгрөгөөр тэлэхээр байна. Тиймээс мөнгөний хатуу бодлого үргэлжлэх төлөвтэй байгаа”-г Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлж байсан юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн