Зургийг: Rio Tinto
“Rio Tinto” болон “BHP” компани Баруун Австралийн Пилбара бүс нутагт том оврын цахилгаан ачааны автомашины технологийг судлах, цаашид энэ төрлийн технологи ашиглах боломжийг нэмэгдүүлэх талд хамтран ажиллахаар боллоо.
Дээрх компаниуд “Caterpillar” болон “Komatsu”-тай хамтран цахилгаан ачааны автомашины бие даасан туршилт, тэр дундаа цэнэг хураагуур, статик болон динамик цэнэглэх системийг турших, Пилбарагийн бүс нутаг дахь гүйцэтгэл, бүтээмжийг үнэлэх ажлыг хийх юм байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь “Rio Tinto” болон “BHP”-ийн 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх хамтын зорилгыг дэмжих “BHP”, “Rio Tinto”, “Komatsu”, “Caterpillar” компаниудын тус тусын хүчин чармайлтыг тусгасан гэж мэдэгдэлд дурдсан байна.
Хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны хоёрдугаар хагасаас “Caterpillar 793” маркийн ачааны хоёр автомашин, 2026 оноос эхлэн Баруун Австралийн Пилбара бүс дэх уурхайн талбайд “Komatsu 930” маркийн ачааны хоёр автомашин турших аж. Энэ хүрээнд “BHP" компани "Caterpillar”-ийн ачааны автомашинуудыг турших бол “Rio Tinto” компани “Komatsu”-ийн ачааны автомашинуудыг туршиж, үр дүнгээ хоорондоо хуваалцах юм байна.