
- “ION Energy”-ийн хувьд “Баавгай уул” төсөл дээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, хамрах талбай 80 мянга гаруй га байгаа. Энэхүү төслийн хайгуул аль шатандаа явагдаж байна вэ?
- “Баавгай уул” төслийн хувьд эхний шатандаа явж байна. Нийт талбайд бид олон удаагийн өрөмдлөг хийж, гадаргын ойролцоогоос 1502 PPM нэгж агууламжтай хүдэр илрүүлсэн. Харьцуулах юм бол энэ нь АНУ-ын Невада муж дахь “Thacker Pass” уурхайнхтай адил гэсэн үг. Өнгөн хэсэгтээ ихээхэн шаварлаг хөрстэй гэдгээрээ онцлог төсөл болохоор байна.
Бид геофизикийн судалгаа хийгээгүй байгаа, мөн гүн хэсгийн өрөмдлөг явуулаагүй байна. Тэгэхээр “paleo salar” буюу литигээр баялаг давхаргатай байж магадгүй. Ямартай ч одоогоор өнгөн хэсгийн хөрсөн дээр хийж дуусгасан ажлаас харахад энэ төсөл литиг ууршуулалтын аргаар гарган авна гэдгээрээ онцлог төсөл байхаар байна.
- Хамрах талбай илүү жижиг ч гэсэн “Ургах наран” төслийн хувьд литийн хайгуулын талд ямар нэгэн онцгой зүйл байна уу?
- Тэгэлгүй яах вэ. “Ургах наран” бол давст нуур байсан онцлог бүхий хөрстэй сав газар. Литийн давсаар баялаг байх боломжтой. Жишээ нь: Аргентины Сентанариод ийм байдаг. Сав газар гэдгээрээ хэдэн мянган жилийн түүхийн явцад уусалтаас үүдэн литээр баялаг давхарга үүссэн байх магадлалтай. 2022 онд бид гадаргын хөрснөөс эхний шингэн дээжээ авахад нэг литрт агуулагдах хэмжээ 918 миллиграмм гэж гарч байсан. Энэ бол литийн агууламж маш өндөр байна гэсэн үг. Мөн ижил шатандаа яваа төслүүдтэй харьцуулахад дэлхийд “топ” зэрэглэлд орох төсөл болох магадлал байгааг харуулж байгаа хэрэг юм.
Шугамын дагуу 100 гаруй км үргэлжилсэн геофизикийн судалгаа хийхэд 6 ohm буюу цахилгаан эсэргүүцэл багатай 22.7 тэрбум метр куб гэж гарсан. Мөн төслийн хүрээнд алмазан өрөмдлөгөөр гурван цооног гаргасан, эндээс үзэхэд Невада дахь “Silver Peak” уурхайнхаас гурав дахин өндөр агууламжтай гэж гарсан. Энэ бол Хойд Америк дахь үйл ажиллагаа нь явагдаж буй цорын ганц литийн уурхай юм. Энэ утгаараа “Ургах наран”-ийн хувьд боломж их өндөр харагдаж байна. Дэд бүтцийн талаасаа Дорноговь аймгийн Дэлгэрэх сумтай маш ойрхон байрлалтай. Энэхүү төсөл хэрэгжихэд дэд бүтцийн асуудал байхгүй. Нөөцийн тооцоолол гаргахын тулд бид зарим нэг нэмэлт ажлуудыг хийж байгаа. Нөөцийг тодорхойлсны дараа бид үйлдвэрлэлийн шатанд хүрэхэд бидэнд дэмжлэг үзүүлж чадах зөв стратегийн түнш хайх болно.
- Дэлхийн литийн зах зээл сүүлийн хэдэн жилд үлэмж хэмжээгээр өссөн шүү дээ. “ION Energy”-ийн хувьд энэхүү өсөн тэлж буй зах зээлд Монголын эзлэх байр суурийг ямар байдлаар харж байна вэ?
- Сүүлийн нэг жил, жил хагасын хугацаанд литийн зах зээл харьцуулшгүй өсөлт үзүүлсэн гэж бодож байна. Энэ өсөлтийн зарим хэсэг нь хэт өөдрөг төсөөлөл, спекуляцид тулгуурласан, тренд дагасан өсөлт байх магадлалтай. Тонн нь 98 мянган ам.доллар хүрсэн шүү дээ. Энэ өндөр үнээр масс зах зээл худалдан авах боломжтой цахилгаан автомашин үйлдвэрлэнэ гэж бодохгүй байна. Харин одоо литийн үнэ БНХАУ-ын зах зээлд тонн нь 10-11 мянган ам.долларын түвшинд хүрээд байна. Бидний харж буйгаар энэ нь шинэ суурь үнэ болсон гэж бодож байна. 2016, 2017 оны циклийг харвал үнэ нь тонн тутамд 2500 орчим ам.доллар байсан. Тэгэхээр бидний хувьд шинэ суурь үнэ 10-13 мянган ам.долларын түвшинд байна. Энэ түвшнээсээ үнэ бага зэрэг өснө гэж таамаглаж байгаа. Ингэснээр илүү олон үйлдвэрлэгчийг татна шүү дээ.
Мэдээж Монгол Улс Азийн гол хэрэглээний зах зээл болох БНХАУ, БНСУ, Япон, Тайваньтай ойр байршилтай. Өөрөөр хэлбэл лити нийлүүлэхэд газар зүйн байршлын хувьд бусад орнуудтай харьцуулахад маш давуу талтай байгаа юм. Тухайлбал: Австралийн хувьд хатуу чулуулгийн, Латин Америкийн хувьд давсны уусмалын уламжлалт үйлдвэрлэгчид. Хэдий тийм боловч байрлалын хувьд Азийн хэрэглээний зах зээлээс маш хол шүү дээ. Харин эсрэгээрээ Монгол Улсын хувьд эдгээр зах зээлд ойр гэдэг утгаараа олборлолт эрхлэхэд маш онцгой, сонирхолтой газар юм. Мэдээж эдийн засгийн талаас ашигтай литийн нөөц илрүүлбэл шүү дээ.
- “ION Energy”-ийн хувьд Монголд литийн хайгуул эрхлэхэд ямар боломж, сорилтуудтай нүүр тулна гэж бодож байна?
- 2017 онд Монголын литийн зах зээлд анхлан хөл тавьж, “ION Energy”-ийг үүсгэн байгуулж, Монголд литийн арвин нөөц байна гэхэд дэлхийн бараг тал нь бидэнд итгээгүй. Бид өмнө Аргентин, Чили болон Боливи зэрэг орнуудад лити илрүүлж байсан. Гэхдээ Монголын энэ зах зээлд анхлан нэвтэрсэн гэдэг утгаараа дээр дурдсан орнуудтай адил үр ашиг хүлээх боломж байгаагүй л дээ. Хэдий тийм боловч одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. “Sinomine” гэх компани Монголд лити илрүүлэхээр нэвтрээд байна.
Мөн “Kumyang” компани энэ оны эцсээр лити олборлож эхэлнэ гэдгээ зарлаад удаагүй байгаа. Аливаа зах зээлд хамгийн түрүүнд нэвтэрнэ гэдэг нь тодорхой сорилтуудтай ч зөв замаараа явж байгаадаа баяртай байна. Үйлдвэрлэлээ удахгүй эхлүүлнэ гэж найдаж байна. Мэдээж Монгол Улсын хувьд литийн хайгуулын талбарт ирээдүй өөдрөг байна.
- “ION Energy” компанийн ирээдүйн төлөвлөгөөнөөс юуг онцлохоор байна вэ? Хөрөнгө оруулагчид тань үйл ажиллагааны явцын талаар хэрхэн мэдээлэл авах боломжтой бол?
- Тэгэлгүй яах вэ, энэ оны хувьд бид стратегийн түнш татахад ихээхэн анхаарч, хүч өгч ажиллах болно. Төслийн нөөцийг илрүүлж, үндэслэлийг ирэх жилүүдэд багтаан тогтоохоор зорьж байна. “Ургах наран” төсөл нь дэлхийн хэмжээний төсөл гэдэгт бид итгэдэг. Ихээхэн үнэ цэн бий болгож, нийлүүлэлтийн сүлжээнд манлайлах потенциалтай гэж бид хардаг.
Түүнчлэн Монгол Улсыг литийн гол нийлүүлэгч орнуудын нэг болоход түлхэц болно. Ирэх улирлуудад багтаж стратегийн түнш, хамтын ажиллагаагаа зарлана гэж бодож байна. “Ургах наран” төсөл нь нийт литийн зах зээл мөн Монгол Улсын хувьд нөөцийн хэмжээ, ач холбогдлын хувьд ямар чухал төсөл вэ гэдэг нь харагдаж эхлэх болно.