
Зургийг: Bloomberg Daybreak/Getty Images
Компаниудын хиймэл оюуны зарцуулалт өндөр хэвээр байх төлөвтэйг борлуулалтын эерэг төсөөллөөрөө баталсан “Nvidia”-ийн хувьцааны ханш дахин эрс өсөж, улмаар зах зээлийн үнэлгээ нь дөрвөн цагийн дотор 267 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Ийнхүү тус компани төсөөллийг бут цохисон тайлангуудаараа хиймэл оюуны салбарын хувьцаанууд “дүүлсээр байх” замыг заслаа гэж шинжээчид онцолж байна.
Сэргэлт ирэх ч сорилтууд бий
Өнгөрсөн долоо хоногт “Nvidia” II улирлын орлого нь 28 тэрбум ам.доллар орчим байхаар байгааг мэдээлсэн нь шинжээчдийн төсөөлөл болох 26.8 тэрбум ам.доллароос давсан юм.
“Nvidia”-ийн эдгээр шинэ тоонууд хувьцааных нь шуургалсан өсөлтийг тайлбарлаж чадах уу гэдэг одоо гол асуулт болж байна. Өнгөрсөн лхагва гарагийн арилжаагаар тооцвол тус компанийн хувьцааны ханш он гарсаар 92 хувиар өссөн нь мэдээж хөрөнгө оруулагчид тус компанийн санхүүгийн үзүүлэлт цаашид таамгийг эвдсээр байна гэдэгт итгэж байгаатай холбоотой.
Тайлангийн сайн үзүүлэлтээс гадна компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан технологийн шинэ эрин эхэлж буй талаар ярьсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. “Аж үйлдвэрийн шинэ хувьсгал эхэлж байна. Үнэхээр гайхалтай” хэмээн тэрбээр дуртай сэдвээ бататгажээ.
Харин пүрэв гарагт нэгж хувьцааны ханш нь 9.3 хувиар өсөж, 1,037.99 ам.доллар хүрснээр “Nvidia”-ийн үнэлгээг бараг 270 тэрбум ам.доллароор ахиулжээ. Энэ нь нэгэн цагт “Nvidia”-ийг бүхий л үзүүлэлтээрээ хол хаяж байсан чип үйлдвэрлэгч “Intel”-ийн зах зээлийн нийт үнэлгээнээс ч өндөр дүн юм. Мөн “Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд ам.доллар хүрсэн нь Австрали, БНСУ, ХБНГУ зэрэг хөгжингүй орнуудын бүхэл бүтэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс давж байна.
Орлогын энэхүү дэврүүн төсөөлөл нь “Nvidia”-д дэлхий дахины хиймэл оюуны зарцуулалтаас хамгийн том үр ашиг хүртэгчийн байр суурийг нь бататгаж байна.
Хар савхин хүрмээ нэрийн хуудас болгосон Женсен Хуан ч мөн хиймэл оюуны эринд од болон гялалзаж буй. 1993 онд хамтран үүсгэн байгуулсан компани нь анх компьютер тоглоомд зориулсан график карт үйлдвэрлэдэг байлаа. Хожим тэрбээр “Nvidia”-ийн чипнүүд нь хиймэл оюуны программ хангамж үйлдвэрлэхэд маш тохиромжтойг анзаарч, улмаар шинэ зах зээл бий болгосноор өрсөлдөгчдөөсөө тасарч чаджээ.
2022 онд “OpenAI”-ийн “ChatGPT” чатбот танилцуулагдсан нь технологийн томоохон компаниуд өөрсдийн гэсэн хиймэл оюуны дэд бүтэцтэй болохоор яарах эхлэлийг тавив. Энэхүү уралдаан нь “Nvidia”-ийн “H100” чипийг заавал авах ёстой бүтээгдэхүүн болгожээ. Нийлүүлэлт нь ихэвчлэн хумигдмал байдаг энэхүү чипээ “Nvidia” тус бүрийг нь олон мянган ам.доллароор зарж байна.
Одоохондоо тус компанийн чипийн орлогын дийлэнх хэсгийг цөөн тооны үйлчлүүлэгчид бүрдүүлж байна. “Amazon”, “Meta”, “Microsoft”, “Alphabet” зэрэг дөрвөн компани “Nvidia”-ийн чип борлуулалтын 40 гаруй хувийг бүрдүүлдэг хамгийн том худалдан авагчид нь юм.
“Nvidia” тайлангаа танилцуулахдаа өөрсдийн технологио илүү өргөн хүрээний зах зээлд борлуулж, тэр дундаа “hyperscaler” буюу нүсэр хэмжээний үүлэн тооцооллын үйлчилгээний чиглэлд тэлэх төлөвлөгөөтэй байгаагаа тодотгожээ. Мөн сүүлийн үед хиймэл оюун нь хэрэглээний интернэт, авто үйлдвэрлэл, био технологи, эрүүл мэндийн салбар руу шилжиж байгааг Женсен Хуан онцолсон байна.
Хиймэл оюуны загалмайлсан эцэг болсон компанийн улирлын үзүүлэлт дахиад их мастерын урлагийн бүтээл мэт байлаа. NVIDIA-ийн танилцуулсан төсөөллийг Луврт залбал зохино. Хамгийн чухал нь тус компанийн чипийн эрэлт улам нэмэгдсээр байна. Буурах шинж алга.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com