
Зургийг: Qilai Shen/Bloomberg
2023 онд БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 оноос хойш дөрвөн их наяд ам.доллароор буурсан үзүүлэлттэй гарлаа. Ингэснээр өнгөрсөн онд олон улсын хэмжээнд хамгийн тааруу үзүүлэлттэй зах зээлүүдийн нэгт тооцогдож байна.
БНХАУ-ын эдийн засаг цар тахлын уналтаас хойш дорвитой сэргэхгүй, хууль эрх зүйн орчинд нь гэнэтийн өөрчлөлтүүд гарсаар байсан юм. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбар дахь зээлийн хямралын дараа дотоодын итгэл суларсан зэргээс шалтгаалан тус улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын урсгал буурчээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар хөгжиж буй орнуудын “MSCI Index”-ийн 23.77 хувийг БНХАУ-ын хөрөнгийн зах зээл бүрдүүлснийг “Bloomberg” тооцоолсон байна. Энэ нь тус улсын хувьд 2017 оноос хойших мөн л хамгийн тааруу үзүүлэлт болж байгаа юм. “Goldman Sachs”-ийн зүгээс сүүлийн байдлаар 26.4 хувийг эзэлж байна гэж тооцоолжээ.
Харин нөгөө талд БНХАУ-ын хувьцаануудын эзлэх хувь хэмжээ буурахтай зэрэгцээд Энэтхэг улсынх 2020 оны гуравдугаар сараас хойших дээш түвшин буюу 16.7 хувьд хүрсэн байна. Түүнчлэн Тайвань, БНСУ, Бразил, Саудын Араб зэрэг бусад улсын эзлэх хувь ч өнгөрсөн сард өссөн аж.
Үүнээс гадна БНХАУ-ын “CSI 300 Index” даваа гарагт 1.3 хувиар унаж, 2019 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрээд байна.