
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын зэсийн экспорт өнгөрсөн сард бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн байна. Дотоодынх нь эрэлт сул байгаагаас шалтгаалан БНХАУ-ын металл арилжаалагчид илүүдэл нөөцөө экспортод гаргахаар зорих болсон нь үүнтэй холбоотой аж.
БНХАУ-ын боловсруулаагүй зэс, зэсийн бүтээгдэхүүний экспорт тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өсөж, 150 мянган тонн хүрснээр 2012 оны өмнөх дээд үзүүлэлтээсээ давсныг тус улсын гаалийн статистик харуулж байна.
Өргөн хүрээнд харвал хөнгөн цагаанаас эхлэн малын тэжээл хүртэлх БНХАУ нийлүүлэлтээр давамгайлдаг таваарын бүхий л зах зээлд ийм дүр зураг ажиглагдаж байгаа аж.
Эдийн засгийн сул сэргэлтийн улмаас сүүлийн хоёр жилийн дийлэнх хугацаанд дефляцын дарамтад байсан БНХАУ-ын үйлдвэрлэгчид үнэ өндөр гадаадын зах зээл дэх боломжийг эрэлхийлэх болоод буй. Улмаар үнэ өндөр гадаадын зах зээл дэх боломжийг эрэлхийлэх болсон нь зарим таваарын зах зээлд худалдааны зөрчилд ч хүргэжээ.
Зэсийн үнэ өнгөрсөн сард бүх цаг үеийн дээд түвшинд хүрэх үед БНХАУ-ын үйлдвэрүүд зэс худалдан авалтын зарцуулалтаа өсгөх сонирхолгүй байсан аж. Хэдийгээр түүнээс хойш зэсийн үнэ дээд түвшнээсээ буурсан ч БНХАУ-ын зэсийн спот болон импортын премиум аль аль нь хасах утгатай байгаа нь тус улсын хэрэглээ сул хэвээр болохыг илэрхийлж байна.
Мөн зэсийн экспортын энэ өсөлттэй давхцаад импорт нь бас төсөөллөөс дээгүүр байгаа нь төдийлөн харагдаад байдаггүй үзэгдэл болж байна. Зарим арилжаалагчид оны эцсээр зэсийн эрэлт өснө гэсэн хүлээлттэйгээр нөөцөө нэмэгдүүлж байгаа нь нөлөөлж байж магадгүй аж.