
Зургийг: С.Батсайхан
2023 онд Монгол Улс 24.4 тэрбум ам.долларын худалдаа хийж, худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Худалдааны тэнцэл ашигтай гарахад нүүрсний экспорт 66.7 сая тонн, боловсруулаагүй нефтийн экспорт 4.7 сая баррель болж өссөн зэрэг нь голлон нөлөөлсөн байна.
2023 онд Монгол Улс 738 сая ам.долларын боловсруулаагүй газрын тос экспортолсон бол 1.86 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн гаднаас худалдан авсан байна. Энэ дундаа дизель түлшний импорт 37.2 хувиар өсжээ. Харин автобензиний импорт 729.8 сая ам.доллар болж, 7.3 хувиар нэмэгдсэн байна.
2023 оны сүүлийн улиралд Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас тавьсан хязгаарлалтад багтаж, өвлийн дизель түлшний импорт тасалдсан юм. Хэдийгээр үнийн хувьд тогтвортой байсан ч дотоодын эрэлтийг хангахын тулд БНХАУ-аас худалдан авалт хийх болсныг УУХҮЯ мэдээлж байлаа.
Үүнээс гадна нефтийн бүтээгдэхүүний нэг тонны дундаж үнэ 940.4 ам.доллароос 811.6 ам.доллар болж буурсныг онцолж болохоор байна. Тухайлбал: автобензиний дундаж үнэ 110 ам.доллар, дизель түлшнийх 153.2 ам.доллароор буурчээ.
Мөн нефтийн бүтээгдэхүүний дараа импортын дийлэнх буюу 12 хувийг суудлын болон ачааны автомашины импорт бүрдүүлж байна. 2023 онд нийт 73 мянга 556 суудлын автомашин импортолсон нь тоо ширхгийн хувьд 12.1 хувиар өссөн бол ачааны автомашины импорт сүүлийн гурван жилийн хамгийн бага буюу 21 мянга 361-ийг импортолжээ.
Үүнээс гадна 2023 онд Монгол Улс 15.1 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг олон улсад нийлүүлснээс 8.7 тэрбум буюу 57.7 хувийг чулуун нүүрсний экспорт дангаараа бүрдүүлсэн байна.
Түүнчлэн экспортолсон нүүрсний тоо хэмжээ түүхэн дээд түвшин буюу 66.7 сая тонн хүрсэн ч хилийн дундаж үнэ 73.6 ам.доллароор буурсан үзүүлэлт боллоо.
Эдгээрээс гадна 2023 онд алтны экспорт 40 хувиар буурч, 11.7 тонн, ямааны угаасан ноолуурын экспорт 15.2 хувиар буурч, 5.4 мянган тонн болсон зэргийг дурдаж болохоор байна.