
Зургийг: aranjinresources.com
Торонтогийн Венчур биржид бүртгэлтэй “Aranjin Resources” компани Австралийн зэсийн гурван төслийн 80 хувийг эзэмших болсноо мэдэгдээд байна.
Хэлцлийн хүрээнд “Metals of Australia” компанид 40 сая нэгж хувьцаа, “Western Wood Capital” компанид 15 сая нэгж хувьцаа, нэгжийг 0.015 ам.доллароор үнэлэн шилжүүлэхээр болсон аж. Нийт 55 сая нэгж хувьцааг тэдгээр төслийг эзэмшигч компаниудад шилжүүлэхийг Торонтогийн Венчур бирж урьдчилсан байдлаар зөвшөөрч, эскроу дансанд шилжүүлсэн байна.
Хэлцэлтэй холбоотойгоор “Aranjin Resources” дээрх компаниудтай хамтарсан компани байгуулахаар болж байгаа аж.
Энэ талаар “Aranjin Resources”-ийн Гүйцэтгэх захирал Мэттью Вуд ““Aranjin Resources” одоо Монголд хоёр, Австралид гурван төсөлтэй болсноор байр суурь маань маш сайн бэхэжлээ. Бүх төсөлд маань ирэх жилдээ өрөмдлөг хийхээр туршихаар товлосон байршлууд бий” гэж мэдэгдлээ. Мөн Австралийн Хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэх явц нь үргэлжилж байгааг онцолсон байна.
“Aranjin Resources” нь Монголд Баянхонгор болон Сүхбаатар аймагт төсөл хэрэгжүүлж байгаа юм.