
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Дэлхийн хэмжээнд уламжлалт хөдөлгүүртэй автомашины борлуулалт 2017 оноос хойш тасралтгүй буурч байгааг “BloombergNEF” мэдээллээ. Тухайлбал: 2017 оноос хойш уламжлалт хөдөлгүүртэй автомашины борлуулалт 23 хувиар буурсан бол цахилгаан автомашины борлуулалт тогтмол өсөж байгаа аж.
2023 оны IV улиралд суудлын автомашины нийт борлуулалтын 20 хувийг цахилгаан автомашин эзэлсэн байна.
Олон улсын хэмжээнд 2023 онд цахилгаан автомашин худалдан авахад нийт 634 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх онтой харьцуулахад 36 хувиар өссөнийг “BloombergNEF”-ийн шинэ тайланд онцолжээ.
Харин Герман улсын хувьд цахилгаан автомашины борлуулалт сүүлийн найман жилд анх удаа буурах төлөвтэй байна. Ингэснээр цахилгаан автомашины зах зээлийн уналт үргэлжлэх дохио боллоо.
Энэ онд тус улсын цахилгаан автомашины нийлүүлэлт 14 хувиар буурч, 451 мянган нэгжид хүрэх төлөвтэй байгааг “Vda Lobby” танилцуулжээ. Цахилгаан автомашинд олгодог татаасыг бууруулсан нь эрэлтэд нөлөөлөх төлөвтэй гэж үзсэн байна.
Герман улс цахилгаан автомашины шилжилтэд тэргүүлэгчдийн нэг байсаар ирсэн ч инфляц, өндөр үнэ, цэнэглэх дэд бүтэц бүрэн хөгжөөгүй нь эрэлтэд нөлөөлж байна.