logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2024 онд 4.9 хувьтай гарч, өмнөх оноосоо эрс саарав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 17 13:30
    971

    Зургийг: С.Батсайхан

    ДНБ-ий 2024 оны өсөлтийг Монголбанк 5.2 хувь гарна гэж тооцоолж байв

    Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 онд 4.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Уул уурхай, олборлолтын салбар сэргэсэн 2023 онд 7.4 хувиар өсөж байсантай харьцуулахад эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд эрс удааширсан байна. 

    Цар тахлын дараах жилүүдэд эрчимтэй сэргэж, 2023 онд 7.4 хувиар өсөөд байсан эдийн засгийн өсөлтийн хурд саарахад хөдөө ахуйн салбар 3.6 хувиар агшсан нь голлон нөлөөлжээ. 

    2024 оны эхээр зудын гамшиг тохион 9.4 сая толгой мал хорогдож, түүнийг дагаад боловсруулах үйлдвэрлэл буурсан нь хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд нөлөөлж, улмаар эдийн засгийн өсөлтийг хойш татсаныг онцолж байна. 

    Салбар тус бүрийн өөрчлөлтийг харвал хөдөө аж ахуйн салбар 28.7 хувиар, үйлдвэрлэл болон барилгын салбар 2.5 хувиар буурсан бол үйлчилгээний салбар 9.8 хувь, уул уурхай, олборлолтын салбар 10.8 хувиар өсжээ.

    Эдийн засгийн өсөлтөд үйлчилгээний салбар хамгийн өндөр буюу 4.8 нэгж хувь, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт хоёр нэгж хувийн эерэг нөлөө үзүүлсэн байна.

    Харин нүүрсний экспортын биет хэмжээ 2024 онд 80 сая тонн хүрч, түүхэн дээд түвшнээ дахин шинэчилсэн ч коксжих нүүрсний үнийн уналтаас шалтгаалж экспортын үнийн дүн өмнөх оноосоо 230 орчим сая ам.доллароор буурсан юм.

    2025 онд “Оюутолгой”-ийн гүний уурхайн олборлолт дахь зэс, алтны агууламж нэмэгдэх, хөдөө аж ахуй, боловсруулах салбар сэргэх хүлээлттэй буюу 7-8 хувиар өсөх төсөөллийг Монголбанк болон Сангийн яам гаргаад байна.

    Дотоодын нийт бүтээгдэхүүний 2024 оны өсөлтийг Монголбанк 5.2 хувь гарна гэж тооцоолж байсан бол Дэлхийн банк 5.3 хувь, Азийн Хөгжлийн Банк 5.5 хувиар өсөх төсөөлөл гаргаад байв.

    unnamed (1).jpg

    Үүнээс гадна “Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн зарим гишүүн 2024 он болон 2025 оны дотоодын нийт бүтээгдэхүүний талаар байр сууриа илэрхийлсэн юм.

    2024 оны хувьд санал асуулгад оролцсон Эдийн засагчдын клубийн зарим гишүүн үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтийн гол хэсгийг бүрдүүлнэ гэж үзжээ. Мөн өсөлт саарахад таваарын үнэ хамгийн их нөлөөлсөн гэж "дийлэнх" эдийн засагчид үзэж байна.

    Харин 2025 оны хувьд "Геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын зүгээс хийж буй алхмуудаас шалтгаалсан худалдааны эргэлзээтэй нөхцөл байдал нь уул уурхайн өндөр хамаарал бүхий эдийн засгийн хувьд гол сорилт байна. Үүнээс хамаарч БНХАУ-ын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ нь эрдсийн үнэд сөргөөр нөлөөлнө гэж таамаглаж байна” гэж хариулжээ.

    Мөн уул уурхайн салбарын хамаарал, гадаад өрийн дарамт, инфляцын дарамт, гадаад эрэлт болон худалдааны түншүүдийн эдийн засгийн байдлыг нэрлэсэн байна.

    Cэтгэгдэл бичих